Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

ОРМУЗЫН МУХАРДАЛ БА ТОСНЫ ӨЛСГӨЛӨН


The Mongolian Mining Journal - 2026.04-р сарын дугаар

Б.Төгсбилэгт

Дэлхийн эдийн засаг тосны гүнзгий дутагдалд орж эхэллээ. Урьд хожид үзэгдээгүй эрчим хүчний хямралтай дэлхий нийт тулгарч буйг олон улсын байгууллагууд санал нэгтэйгээр тодорхойлж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.4%-тай гарсан бол энэ онд илүү өсөх байсан эрчим алдагдаж 3.1% болох, байдал энэ хэвээр үргэлжилбэл 2%-д саарахыг Олон улсын валютын сан анхаарууллаа. Шинжээчид стагфляц дэлхийн эдийн засгийг нөмрөх аюул ойртож буйг сануулах болов. Ойрх Дорнодын мөргөлдөөн Ормузын хоолойн стратегийн ач холбогдлын талаар дэлхий нийтэд хатуу сануулахын сацуу цахилгаанжилт газрын тосны ноёрхлыг ганхуулах хүртэл асар хол зай байгааг дахин нотлов. Ойрх Дорнод биднээс асар хол төдийгүй газрын тосны үлэмж экспортлогч их гүрний хөршийн хувиар манай улсад ирэх нөлөөлөл харьцангуй бага байгаа ч бүхнийг тойрч гарах боломжгүй. Аль хэдийнэ үнэ хөдөлж эхэллээ. Хамгийн энгийн жишээ гэхэд түлшний үнэ өсөхтэй зэрэгцээд "Атар” талхны үнэ 9.1%-иар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Энэ бүгд нь энгийн үед том өсөлт мэт сонсогдовч хямралын үед харьцангуй тогтуун дүр зураг болон хувирдаг ажээ. Учир нь дэлхий нийтэд байдал тун амаргүй байна.

Эх сурвалж: investing.com

Өнгөц харвал Томоохон хөрөнгийн захуудын индекс, нефтийн гэрээт худалдааны үнийн хэлбэлзэл нөхцөл байдлыг илүү тайван харагдуулна. Гэхдээ нефть, хийн томоохон импортлогч болох Европын хөрөнгийн захын индексүүд уналтыг үзүүлж эхэлсэн бол, эсрэгээр эрчим хүчний томоохон экспортлогч АНУ-ын индексүүд өсөлттэй байна. Долларын ханш чангарах үзэгдэл, геополитикийн зөрчил, эрчим хүчний ханшийн хөөрөгдөл нь металын зах зээлд тодорхой дарамт авчирч байна. Ерөнхий үзүүлэлтүүд хямралын нөлөөг хараахан тод үзүүлж эхлээгүй байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Трампын Ирантай хэлэлцээр хийж учраа олох найдвар дээр хөрөнгийн зах, эрчим хүчний фьючерс үнэ одоохондоо дөнгөн данган "шилгээчихэлгүй" тогтож байна. Гол хөдөлгөөн газрын тосны шууд худалдааны захад өрнөх болжээ. Бидний харж буй Брент тосны үнэ савлагаа багатай харагдаж буй нь ирээдүйн гэрээт үнэ байдаг бол шууд худалдааны захад нефтийн үнэ аль хэдийнэ 200 ам.доллар/баррель давжээ.

2022 онд Орос, Украины дайны нөлөөгөөр газрын тосны ханш баррель тутамд 130 ам.доллар давсан. Харин одоогийн хямралын үед Брент газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллар орчимд хүрч өсөөд эргээд бууж дунджаар 100 ам.долларын түвшинд хэлбэлзэж байна. Шинжээчид мөргөлдөөн удаан үргэлжилбэл газрын тосны ханш 150-200 ам.долларт хүрч өсөх тооцооллыг дэвшүүлж байна.

Ормузын хоолой нь дэлхийн аж үйлдвэрийн өдөр тутмын “талх” болсон нефть, байгалийн хий, бусад үндсэн түүхий эд болох хүхэр, нафта, гелийн дамжин өнгөрөх гол суваг болохын хувьд сүүлийн хоёр сарын турш хаалттай байгаа нь урьд хожид байгаагүй шокыг авчрахаар байгааг одоо бүгд нуулгүй зарлаж эхэллээ. Голдман сакс, ОУВС болон бусад санхүүгийн байгууллагууд байдал ноцтой болж эхэлснийг хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ бүгд л дор дорноо хоёр тал эвлэрээд худалдааны гол сувгийг нээгдээсэй гээд харж хүлээн суугаа. Энэ зуур Ази, Африк, Латин Америкт цохилт аль хэдийнэ хүчтэй мэдрэгдэж эхлээд байгаа бол Европ, барууны орнууд руу цохилтын тархалт удахгүй хүндхэн шок болж урт хугацаанд сунжран үргэлжилж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ ӨНДӨР ХӨГЖСӨН ОРНУУДЫН ХӨДӨЛГҮҮР ЗОГСОХ НЬ

Европын холбооны Эрчим хүчний асуудал хариуцсан комиссар Дан Йоргенсен нөхцөл байдлыг богино хугацааны бага зэргийн үнийн өсөлт биш, энэ бол 1973 болон 2022 оны хямралыг нийлүүлснээс ч илүү ноцтой байж магадгүй юм. Европ маш хүнд сарууд, бүр жилүүдтэй ч тулгарах магадлалтайг анхааруулжээ. Харин АНУ-ын тухайд эрчим хүчний хувьд харьцангуй бие даасан шинжтэй боловч шатахууны үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний инфляцад асар эмзэг өртөмтгий. Тиймээс энэ хямралт нөхцөл байдлаас мултрах ганц ч улс үгүй ажээ.

Дөрөвдүгээр сарын 17-нд АНУ, Ираны тал дэлхийн газрын тосны тавны нэг нь тээвэрлэгддэг Ормузын хоолойг арилжааны хөлгүүдэд бүрмөсөн нээхээр болсныг сүр дуулиантайгаар ээлж дараалан зарласан. Энэ нь яг л "үүлэн нөлөөний нар" шиг үйл явдал болсон. Тосны үнэ буураад, алтны үнэ өсөөд бүх зүйл хэвэндээ орох нь гээд л. Гэвч ердөө төд удалгүй уг шийдвэр хэрэгжихгүй болсныг Ираны тал зарласнаар бидний сонсохыг хүссэн зүйл тийм хялбар тохиохгүй нь улам бүр тодорхой болж ирэв. Шинжээчид АНУ, Ираны тал харилцан буулт хийлгүй явсаар, асуудал ужгирах эрсдлийг улам бүр анхааруулах боллоо.

Шинжээчдийн гол санаа зовнил нь үүсээд буй нөхцөл байдлыг 70-аад оны газрын тосны хямрал, эсвэл 2022 оны Орос-Украины дайны үеийн шоктой харьцуулах байдлаар хялбарчилж ойлгох явдал. Үнэн хэрэгтээ бодит байдал зөвхөн нефтийн үнийн өсөлт бус эрэлтийг хүчээр бууруулахаас аргагүй нөхцөл байдал руу оруулах ажээ. Өөрөөр хэлбэл бодит байдал тооцооллоос маш муу байгааг шинжээчид сануулж байна. Kpler байгууллагын судалгаагаар Ормузын хоолой хаагдсанаас хойш дөрөвдүгээр сарын сүүлийн байдлаар ердөө 50 хоногийн дотор зах зээлээс нийтдээ 50 тэрбум долларын үнэлгээ бүхий 500 сая баррель нефть нийлүүлэлтээс хасагджээ. Гэвч яг бодитоор авч үзвэл энэ тоо 800 саяаас 1 тэрбум баррельд хүрсэн байж болзошгүй ажээ. Ганцхан нефтийн хувьд ийм. Байгалийн хий, бусад газрын тосны дайвар бүтээгдэхүүн, бордоо, хуванцар, хагас дамжуулагчийн түүхий эдийн нийлүүлэлт зогссоноос үүдэн улс орнууд зөвхөн дотоодын агуулах нөөцөөр үйл ажиллагаагаа залгуулж байна. Газрын тосны олборлолт, экспортын нэг хэсэг бүрэн алга болсон энэ үед импортлогч улс орнууд тосны эрэлд гарсан. Гэвч АНУ, ОХУ болон эх үүсвэр нэмэлтээр гаргах боломжтой бусад орны хувьд түргэн хэмжээнд олборлолт, экспортоо нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал. Бусад нефтийн дайвар бүтээгдэхүүн, бордооны хувьд ч мөн адил. Тэгэхээр энэ үйл явцыг "Ормузын мухардал" гэж нэрлэж болно.

Түлш, эрчим хүч импортлогч хөгжингүй улс орнууд мэдээж стратегийн нөөц бүрдүүлж ажилладаг. Тэгвэл агуулах нөөцөөр хамгийн сайндаа ирэх зургадугаар сар хүртэл тэснэ. Ингээд байдал энэ хэвээр үргэлжилбэл дэлхийн аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын хөдөлгүүр зогсох нь цаг хугацааны асуудал болоод байна. Сав баглаа боодол, эмнэлгийн хэрэгсэл, бордоо, хагас дамжуулагч үйлдвэрлэл гээд олон салбарт үнийн өсөлт аль хэдийнэ эрчимжиж эхэлжээ. Нөхцөл байдал яг л мөсөн уулыг чиглэж буй Титаник хөлөг онгоц лугаа адил дүрслэгдэнэ. Гол ялгаа нь хөлөг онгоц мөсөн уул яг мөргөх гэж байгааг бүгд гадарлаж байгаа боловч хариу арга хэмжээ төдийлөн авч чадахгүй байгаа байдал. Тосны эрэлд гаравч эрэл мухардаж байгаа нь тодорхой байна. Цахилгаан машины эрэлт энэ зуур хурдацтай тэлж байгаа ч, аж үйлдвэрлэлийг хэвийн ажиллуулах гол эрчим хүчний тулгуур нь яах аргагүй газрын тос ажээ.

Одоо АНУ, Ираны тал харилцан зөвшилцөж энхийн хэлэлцээр байгуулан Ормузын хоолой бүрэн нээгдэх нь хамгийн гол ерөндөг болоод байна. Асуудал ийн өрнөлөө ч, нефть, байгалийн хий, бусад дайвар бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвэндээ ортол хэдэн сараас хэдэн жилийн нүүрийг үзэх нь тодорхой байна. Энэ дайны хор уршиг аль хэдийнэ маш ноцтой хэмжээнд хүрч амжжээ. Ойрх Дорнодод эрчим хүчний 80 гаруй байгууламж цохилтод өртөж сүйджээ. Сэргээн засварлахад тав хүртэлх жил шаардлагатай.

Хятадын дарга Си Жинпин дөрөвдүгээр сарын 6-нд тус улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс шинэ эрчим хүчний системийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай мэдэгдэл хийсэн. Түүнчлэн тус улс нар, салхины сэргээгдэх эрчим хүчний хөгжүүлэлтийг тэргүүнд авч ирсэн нь асар оновчтой шийдэл байсныг цохон тэмдэглэхийн сацуу нүүрс нь эрчим хүчний салбарын суурь багана байсаар байхыг тодотголоо. Ийнхүү Хятад улс нь сэргээгдэх эрчим хүчний хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтаар дэлхийд толгой цохиж байгаа ч, нүүрсийг давхар зэрэгцүүлж авч явах бодлого баримталж буй нь эндээс тод харагдана. Түүнчлэн усан цахилгаан станц, цөмийн эрчим хүчний хөгжүүлэлтийг мөн эрчимжүүлэх юм байна. Үүсээд буй нөхцөлд Хятад улс нь Ормузын хоолойгоор тээвэрлэгддэг эрчим хүчний хувьд ердөө 5%-ийн импортын хамааралтай байдаг утгаараа нөлөөлөлд өртөх нь харьцангуй бага гэж шинжээчид үзэж байна. Нөгөөтэйгүүр Хятадын газрын тосны агуулах нөөц 4-7 сарын импорттой дүйх хэмжээтэй нь бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Улс төрийн хувьд Хятад улстай бусад орон улам бүр ойртож түншлэх өнгө аяс энэ хүнд цаг үед давамгайлж буйг шинжээчид онцоллоо. Учир нь АНУ нь тогтворгүй ааштай байгаа бол Хятад нь маш ойлгомжтой, илүү найдвартай гэсэн зэрэглэл бүхий хамтрагч болж харагдах ялгарал нь нэмэгджээ. Гэхдээ урд хөршид бүх зүйл тийм ч хялбар өрнөхгүй. Учир нь тус улсад түлшний үнэ өсөөд буйн сацуу гадаад улс орнуудын эрэлт хямралын нөлөөгөөр огцом буурвал Хятадын экспортод том цохилт болно.

Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн бордооны экспортын далайн тээвэрлэлтийн 20-33%-ийн дамжлага зогсжээ. Эндээс дэлхийд хүнсний хямрал улам бүр ойртож буй нь илт байна. Гагцхүү Африк, Азийн орнууд бус Европ, Австрали ч бордооны импортын өндөр хамааралтай. Үр тарианы зах зээлд маш багахан хэмжээний ургацын үр дүнгийн өөрчлөлт нь том үнийн өсөлтийг дагуулдаг. Тэгвэл одоо явагдаж буй өрнөлийн үр дүнд дэлхийн хүн ам өлсөх нь гарцаагүйг шинжээчид хатуу анхааруулж байна. Олон улсын валютын сангийн мэдээллээр зөвхөн одоогийн байдлаар өлсгөлөнд нэрвэгдээд буй хүмүүсийн тоо 45 саяар нэмэгдэж, 360 сая давахаар буй ажээ. 2010 онд ОХУ-д гантай зун тохиож, ургац алдсаны улмаас экспортын хориг зарлагдахад дэлхийн зах зээлд буудайн үнийн огцом өсөлтийг бид харж байсан. Харин энэ удаагийн ирж буй аюул тухайн үеийнхээс цар хүрээний хувьд илүү том, ноцтой гэдэг нь яриангүй.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЭНЭ ӨРНӨЛИЙН ЯВЦАД ХЭРХЭН ТОГТОЖ ҮЛДЭХ ВЭ?

Дэлхийн банк Монголын эдийн засгийн төлөв байдлын тайланг дөрөвдүгээр сарын 9-нд танилцуулав. Монгол улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5%, улмаар 2027, 2028 онуудад 5.5%-тай байх таамгийг дэвшүүлжээ. Гэхдээ энэхүү тооцоолол нь Ойрх Дорнодын хурцадмал байдлыг гурван сар үргэлжлээд намжих болов уу гэсэн өөдрөг төсөөлөл дээр суурилсан байна.

Гадаад нөхцөл байдлыг төсөөлөхөд маш хүндрэлтэй бөгөөд юмс цаг тутам хувьсан өөрчлөгдөж байгааг тус банк тэмдэглэлээ.

Манай улсын өсөлт 2025 оны 6.8%-иас бага зэрэг буурч байгаа ч харьцангуй тогтвортойд тооцогдож байна. Ийнхүү өсөлтийн эрчим удааширахаар байгаа нь Оюутолгойн баяжмал дахь алтны агуулга буурах болон хөдөө аж ахуйн салбарын эрчимжилт тогтворжих хандлага нь голлон нөлөөлөх ажээ. Бусад салбар, тэр дундаа барилгын салбарт бүтээн байгуулалтын том төслүүд ирэх онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь барилгын материал, бараа үйлчилгээний импортыг нэмэгдүүлэхээр байна. Зэрэгцээд худалдаа, үйлчилгээний салбар эрчимжиж, эдийн засагт эерэг нөлөө авчрах төсөөлөлтэй байгааг Дэлхийн банк онцоллоо. Дотоодын эрэлт буюу хувийн хэрэглээ, төрийн байгууллагын хөрөнгө оруулалт нь эдийн засгийг дэмжихээр байна. Өрхийн хэрэглээ энэ он болон удаах жилүүдэд өсөлтийг дэмжих ч эрчим нь саарах төлөвтэй байна. Учир инфляцын өсөлт нэмэгдэж эсрэгээр нэрлэсэн цалингийн өсөлт саарч байгаа нь худалдан авалтыг бууруулах магадлалтай ажээ. Түүнчлэн Төв банкнаас хэрэглээний зээлийг хумих бодлого хэрэгжүүлэх болсон нь мөн үүнд нөлөөлнө. Дотоод эрэлтийн бас нэг гол бүрдэл хэсэг нь төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт юм. Төрөөс хэрэгжүүлж буй төслүүд эдийн засгийн өсөлтийг цаашид нэлээд дорвитой дэмжих төсөөлөлтэй байна. Харин хувийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын тухайд арилжааны банкууд сүүлийн үед бизнесийн зээлийг түлхүү олгосон. Гэсэн ч түлш шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж буй тул бизнесээ тэлэхэд зориулж хөрөнгө оруулалтын зардлаа өсгөх боломж компаниудад хязгаарлагдмал байна.

Эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлтийн төлөв мөн сайнгүй байна. Тодруулбал Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч, хөрөнгө оруулалт багасч буй өрнөл юм. Өөрөөр хэлбэл Оюутолгойгоос орж ирдэг хөрөнгө оруулалт бүтцээрээ буурч буй үед гадаад худалдааны алдагдлыг хөрөнгө оруулалтаар нөхөх давуу тал буурч байна. Цаашид цэвэр экспорт буюу нийт импорт, экспортын зөрүүг харуулсан үзүүлэлт нь эдийн засгийг бууруулах чиглэлд нөлөөлөхөөр байна. Гол шалтгаан нь дотоодын эрэлтийн идэвхжил нь импортын өсөлтийг дагуулж 26, 27, 28 онд энэ явц үргэлжлэн эрчимжихээр байна.

Гэтэл экспортын талдаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломж хил холболтын төмөр зам ашиглалтад орох хүртэл харьцангуй хязгаарлагдмал юм. Мен Оюутолгойн баяжмалын экспортын хэмжээ ч цаашдаа алгуур тогтворжих хандлагатай байна. Импортын өсөлт нь экспортын өсөлтөөсөө давамгайлж цэвэр экспортод сөргөөр нөлөөлөх төсөөлөл ийнхүү тодорчээ.

Түүнчлэн цаашид түлш шатахууны үнэ өсч буй нь бараа үйлчилгээний өртгийг нэмэгдүүлж, инфляц өсөж 8.5%-д хүргэх төлөвтэй байна. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс өндөр дүн болно. Түлшний үнийн өсөлт, дотоод эрэлтийн эрчимжилтийн нөлөөгөөр валютын гарах урсгал өсч гадаад тэнцэл дээр дарамт нэмэгдэх хандлагатай байна.

Гэхдээ манай улсад шатахууны үнийн өсөлт явагдаж буй ч бусад олон улс оронтой харьцуулахад харьцангуй бага байгааг Дэлхийн банкнаас тэмдэглэлээ. Манай улсын тухайд шатахууны үнийн өсөлт гуравдугаар сард 4%-тай байсан бол дөрөвдүгээр сард уг үзүүлэлт 10% болж нэмэгдсэн. Харин Мьянмар, Вьетнам, Тайланд тэргүүтэй улс оронд шатахууны үнийн өсөлт зөвхөн гуравдугаар сард гэхэд 45-68 хүртэлх хувиар хэмжигджээ. Байдал маш хүнд болсныг эдгээр дүн нь харуулна.

Үүссэн нөхцөл байдалд Монгол улс харьцангуй дархлаатай байгаа ч цаашид төсөв, санхүүгийн хувьд сахилга батыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатайг санууллаа. Тухайлбал Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдсэн шинэ сорилтуудын сацуу татварын хуулийн шинэчлэл, НӨАТ-ын буцаан олголтын өөрчлөлттэй холбоотой төсвийн орлогод ирэх ачааллаас үүдэн төсвийн сахилга батыг сайжруулах шаардлагатайг санууллаа. Цаашид түлшний үнийн өсөлтөөс үүдэн хүнс, бараа бүтээгдэхүүний инфляц нэмэгдэж буй энэ үед хүн амын эмзэг бүлгийг чиглэсэн бодлогыг тэргүүлэх чиглэлд хэрэгжүүлэх нь зүйтэйг онцоллоо. Мөн шатахууны үнийн өсөлт, дотоод эрэлтийн эрчимжилт, өрхийн өр нэмэгдэж буй нөхцөлд инфляцыг хазаарлах бодлого чухал бөгөөд үүнд Төв банк чухал үүрэгтэй байх ажээ. Зайлшгүй анхаарах зүйлээр хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг тогтворжуулах асуудал нэрлэгдэж байна.

Монголын эдийн засгийн хэлбэлзлийг ихэвчлэн уул уурхайн салбартай холбон ойлгодог бол энэ удаагийн тайланд хөдөө аж ахуйн салбар ч мөн адил үүнд онцгой нөлөөлдгийг онцолжээ. Жишээ нь 2025 онд хөдөө аж ахуйн салбар ДНБ-ийн өсөлтийн даруй 40%-ийг дангаараа бүрдүүлжээ. Гэвч үүнээс өмнөх хоёр жил дараалан тохиосон зудын гамшгийн сөрөг нөлөөг 2023, 2024 оны нүүрсний их өсөлт илааршуулан нөхжээ.

Эх сурвалж: Дэлхийн банк, Монголын эдийн засгийн тойм тайлан /2026.04/

Өөрөөр хэлбэл бид эдийн засгийн үзүүлэлт талаасаа харьцангуй азтай байсан бол ирэх жилүүдэд уул уурхайн салбарын бууралт, зудтай давхцвал илүү амаргүй байхыг Дэлхийн банк анхаарууллаа. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт тэсвэрлэх чадварыг нэмэх үүднээс гамшгийн бэлэн байдлыг хангаж ажиллах, хөдөө аж ахуйн татаасыг шинэчлэх нь чухал ажээ.

Үүнээс гадна эдийн засгийг солонгоруулж, тэр дундаа уул уурхайн салбар дотор нь төрөлжүүлэх замаар нүүрс, зэсээс хэт хамаарах байдлыг өөрчлөх шаардлагатайг тайланд дурджээ. Үүний тулд хайгуулыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татахын сацуу тээвэр логистикийн салбарыг хөгжүүлэх нь чухал байна.

Тайланд Улаанбаатар хотын талаар бүтээмжийг нэмэгдүүлэх тусгайлан оруулж өгсөн нь бас сонирхол татлаа. Дэлхийн бусад улс оронд хотуудын төвлөрөл нэмэгдэх тусам бүтээмж дагаж өсдөг бол Улаанбаатарт эсрэг өрнөл ажиглагджээ. Манай улсын нийслэл хотын хэт төвлөрөл нь чухамдаа бүтээмжийг бууруулж байгаа нь замын түгжрэл, хот төлөвлөлтийн оновчлол алдагдсантай холбоотой бөгөөд тодорхой шийдэл, зөвлөмжийг тайланд хавсарган оруулжээ.

Ийнүү дэлхийн эдийн засаг амаргүй сорилттой тулж, бүр ч хүнд цаг үе айсуй байж болзошгүй тухай дэлхийн нэр хүндтэй шинжээчид анхааруулсаар байна. Өмнө тохиолдсон эрчим хүчний хүндхэн хямралын нөлөөгөөр, тухайлбал 70-аад оны хямралын үед цөмийн эрчим хүч рүү түлхүү хошуурах хандлага давамгайлж байжээ. Одоо бол магадгүй ногоон эрчим хүч, сэргээгдэх салбарын хошуурал энэ цаг үед илүү эрчимжиж болох юм. Гэхдээ хөгжиж буй орнуудад сэргээгдэх эрчим хүчний татаасыг хөгжингүй улс орнуудаас олгох амлалтаа нэр хүндтэйгээр алгуурлалгүй биелүүлэхгүй бол энэ нь төдийлөн хурдацтай явагдахад хүндрэлтэй. Цар тахал, Орос-Украины дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засаг хүндхэн шокоос төдийлөн бүрэн ангижирч чадаагүй байгаа энэ үед нэмэлт цохилт орж ирэхээр байна. Энэ удаагийн газрын тосны хямрал нь байгалийн хий болон аж үйлдвэрийн голлох түүхий эдийн хямрал, хүнсний их өлсгөлөн гээд давхар цохилтыг авчрах дүр зураг тодорч буй нь судалгаа шинжилгээний байгууллагуудын тооцоолох ухааныг шавхаж байна. Яг одоо хэн ч юу айсуйг яг таг хэлж чадахааргүй тийм нөхцөлд байна. Гол нь бүх зүйл нааштайгаар шийдэгдэнэ гэж найдаж сууна.