
Т.Бямбанаран
Өнгөрсөн зууны ихэнх хугацаанд нүүрс дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн гол тулгуур байсаар ирсэн. Харин 2025 онд сэргээгдэх эрчим хүч 1919 оноос хойш анх удаагаа дахин тэргүүлжээ. Гэхдээ тус хоёр эх үүсвэрийн зөрүү тийм ч хол биш. Өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүч дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлийн 33.8%-ийг бүрдүүлж, 33%-иар хэмжигдэх нүүрсний хэрэглээг ялимгүй давсан байна. Энэхүү шилжилт нь БНХАУ, Европ болон АНУ-д нар, салхины эрчим хүч огцом өссөнтэй шууд холбоотой.
Нэгэн цагт нүүрс дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд 40 гаруй хувийг эзэлж байсан бол сэргээгдэх эрчим хүчний өртөг буурч, цэвэр эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр дэлхийн цахилгаан эрчим хүчний тогтолцоо аажмаар өөрчлөгдөж буй юм.
Сүүлийн арван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн эзлэх хувь бараг 11%-иар өссөн.
Өөрөөр хэлбэл, 2025 онд сэргээгдэх эрчим хүч дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 33.8%-ийг бүрдүүлж, нийт 10,730 тераватт цаг (ТВт/цаг) цахилгаан үйлдвэрлэсэн байна. Нарны хавтан, цахилгаан хуримтлуулах батарей, салхин турбин үйлдвэрлэх өртөг буурч байгаа нь сэргээгдэх эрчим хүчийг илүү өрсөлдөх чадвартай болгож байна. Үүний зэрэгцээ улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд цэвэр эрчим хүчний дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтаа эрчимтэй нэмэгдүүлж байна.
Нүүрс нь XX зууны ихэнх хугацаанд дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд давамгайлж байсан бөгөөд 2000-аад оны үед 40%-ийг эзлэх хэмжээнд хүрч оргилдоо хүрсэн. Харин түүнээс хойш аажмаар буурч, илүү цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүд зах зээлд товойн гарч ирэх болсон.
Дэлхий даяар цахилгаан, эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаатай ч нүүрсний эзлэх хувь анх удаагаа дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлийн гуравны нэгээс доош орж буурсан үзэгдэл ажиглагдлаа. Гэхдээ чулуужсан түлшнүүд одоог хүртэл их хувийг эзэлсэн хэвээр байна. Харин цөмийн эрчим хүчний эзлэх хувь XX зууны сүүл үеийн оргил түвшнээс аажмаар буурч байгааг харж болно. Сэргээгдэх эрчим хүч нүүрсийг давсан ч 2025 онд хий болон бусад чулуужсан эх үүсвэрүүдийг хамтад нь авч үзвэл тэдгээр нь дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний тэн хагасаас илүүг үйлдвэрлэсээр байна.
Эх сурвалж: Visual Capitalist