Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Засгийн газраас БЭТ томилох эрх олгох тухай хуулийг хүчингүй болголоо


Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар 10 асуудал хэлэлцэхээр (2026.06.05) товлосон.

Тухайлбал, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн гурван анхдагч хууль болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Түүнчлэн Шинжлэх ухаан технологийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан амьдралд илүү нийцүүлж сайжруулсан гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч тодотгоод Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав.

Тодруулбал, Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 17 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд тус тус хуваарилсныг хуралдаан даргалагч мэдээлэв.

Ингээд хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 68 гишүүн буюу 89.5 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын ХМОНХГазраас мэдээллээ.