
О.Дөлгөөн
Өмнөговь аймгийн нутагт хэрэгжиж буй "Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн (CSG) төслийг арилжааны шатанд шилжүүлэхээр ажиллаж буй "TMK Energy" компанийн 5 дугаар сарын олборлолтын үзүүлэлт өсөлттэй гарлаа. Тус компани ирэх 7 дугаар сард багтан гурав хүртэлх шинэ цооног өрөмдөхөөр товлосон бөгөөд одоо байгаа цооногуудад гүний засвар (workover) хийх, мөн бага чадлын хийн цахилгаан станц барих төслөө урагшлуулж байна.
Олборлолт 4 хувиар өсөв
Талбайн үйл ажиллагаанд хэд хэдэн удаагийн техникийн саатал гарсан ч Гурвантэс талбайн 5 дугаар сарын хоногийн дундаж хийн гарц 4%-иар өсөж, 24,260 стандарт шоо фут (scfd)-д хүрчээ. Тус компанийн мэдээлснээр, хамгийн өндөр бүтээмжтэй LF-07 цооног олборлолтоороо тэргүүлсэн хэвээр байна. Уг цооногийн хоногийн гарц өнгөрсөн 3 дугаар сард 17,900 стандарт шоо фут хүртэл эрчимтэй өссөн бөгөөд 5 дугаар сард дунджаар 10,000 гаруй scfd, сүүлийн өдрүүдэд 11,000-12,000 scfd хүрч тогтворжиж байгаа аж.
Энэхүү өсөлт нь LF-03 цооногийн гүний насосыг солих ажил удааширсан, LF-02 цооногт туршилт болон угаах ажил хийгдсэн, мөн LF-01 цооногийн механик засварын улмаас түр зогссон зэрэг саатлуудын ард гарсан үзүүлэлт юм. Цооногуудын үйл ажиллагаа түр зогссонтой холбоотойгоор талбайн усны ундарга 10 хувиар буурч, хоногт 450 баррель болжээ.
7 дугаар сард шинэ өрөмдлөг эхэлнэ
TMK Energy 2026 оны туршилтын олборлолтын өрөмдлөгийн бэлтгэл ажлаа базааж дуусч байна. Монголд дахин гурван олборлолтын цооног өрөмдөх тендерийг зарласан бөгөөд захиалгын хугацаа урттай гол тоног төхөөрөмжүүдийг хэдийнэ захиалжээ. Түүнчлэн хамгийн өндөр гарцтай байгаа LF-07 цооногоос авсан туршлагадаа үндэслэн өрөмдлөгийн цооногийн амсар болон насосны хэмжээг жижигсгэж, бүтээмжийг нэмэгдүүлэхээр зураг төслөө шинэчилсэн байна.
Хийнээс эрчим хүч үйлдвэрлэнэ
Тус компани Монголын шингэрүүлсэн нефтийн хийн (ШНХ/LPG) томоохон импортлогч, түгээгч компанийн нэгтэй хамтран 1 МВт-ын хүчин чадалтай хийн цахилгаан станцын анхны төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ. Төлөвлөгөө ёсоор туршилтын талбайн хийг ашиглан үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний цахилгааныг шийдсэнээр дизель түлшний хэрэглээг бууруулж, гэнэтийн цахилгаан тасалдал үүсэх эрсдэлийг хаах юм. Мөн нүүрсний давхаргын метан хийг төвлөрсөн бус (off-grid) бүсэд эрчим хүчний бие даасан, найдвартай эх үүсвэр болгон ашиглаж болохыг салбарынхан болон төр засагт батлан харуулах зорилготой аж.
Олборлолтын төлөвлөгөөгөө урагшлуулахын тулд компанийн удирдлагууд саяхан Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-тай уулзаж, 8,400 км² талбай бүхий хайгуулын гэрээт талбайгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон хөрвүүлэх процессыг хэлэлцсэн байна. Энэ жилийн ажлын хөтөлбөрийн үр дүнд хийн нөөцийн албан ёсны үнэлгээ хийхэд шаардлагатай нэмэлт өгөгдлүүд цугларсны дараа уг үйл явцыг албан ёсоор эхлүүлэхээр хүлээж байна.