
О.Дөлгөөн
Ойрх Дорнодын бүс нутагт геополитикийн хурцадмал байдал дахин идэвхжиж, Иран улс Израиль руу пуужингийн цохилт өгсөнтэй холбоотойгоор олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом өслөө. Энэ нь дэлхийн эрчим хүчний гол зангилаа болох Ормузын хоолойн нийлүүлэлт тасалдах аюулыг дахин дагуулж байна.
Олон улсын зах зээлд Брент (Brent) маркийн 8-р сарын фьючерс үнэ 4.3%-иар өсөж, баррель нь 97.33 ам.долларт хүрсэн бол АНУ-ын Баруун Техасын (WTI) 7-р сарын фьючерс үнэ 4.4%-иар өсөж, баррель нь 94.5 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Иран улс Израиль руу олон тооны баллистик пуужин харвасан нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг шууд зөрчсөн үйлдэл болов. Үүний улмаас одоогоор хоёр талын бүслэлтэд байгаа Ормузын хоолой эргэн нээгдэх байх гэсэн зах зээлийн хүлээлт эрс буурч, үнэ өсөх үндсэн шалтгаан болжээ.
Тус хоолойгоор дэлхийн нийт газрын тос болон эрчим хүчний тээвэрлэлтийн бараг 20 хувь нь дамжин өнгөрдөг.
Nomura Securities-ийн шинжээч Нака Мацүзавагийн тэмдэглэснээр, ойрын хугацааны гэрээнүүд дээр усан замын үйл ажиллагаа хэвийн болох хүлээлт буурсан ч урт хугацааны гэрээний үнэ тодорхой хязгаарт баригдаж байгаа аж. Энэ нь тус асуудал зах зээлийн анхаарлын төвөөс түр хугацаанд холдож магадгүйг илтгэж байна.
ОПЕК+ гарцаа нэмсэн ч үр нөлөө бага байна
Нийлүүлэлтийн тасалдлыг нөхөх зорилгоор ОПЕК+ (OPEC+) бүлэг ирэх долоодугаар сараас эхлэн олборлолтын квотоо 188,000 баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Энэ нь Ормузын хоолой хаагдсанаас хойш дөрөв дэх удаагаа дараалан гарцаа нэмэгдүүлж буй шийдвэр юм.
Гэвч Reuters агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү алхам нь дэлхийн хэмжээний тасалдалд дорвитой нөлөө үзүүлж чадахгүй аж. Учир нь, Ормузын хоолойн бүслэлт үргэлжилж байгаа төдийгүй ОХУ-ын зүгээс дэд бүтцийг нь устгасантай холбоотойгоор тус байгууллагын ихэнх гишүүн орнууд нийлүүлэлтийн үндсэн зорилтдоо хүрч чадахгүй байгаа юм.
Үүнээс үүдэн шинжээчид түүхий тосны үнэ ойрын хугацаанд өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байна.