Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Бразил улс ГХЭ-ийн зах зээлд Хятадын ноёрхлыг халах уу?

Эх сурвалж: United States Geological Survey

О.Дөлгөөн

Одоогоор дэлхийн газрын ховор элементийн (ГХЭ) олборлолтын 60 орчим хувийг, цэвэршүүлж боловсруулах салбарын 90 гаруй хувийг БНХАУ дангаараа хянаж, үнэмлэхүй ноёрхож буй. Үүнээс болж Барууны орнууд (АНУ, ЕХ) Хятадаас хараат байдлаа бууруулах, нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх шинэ бүсийг эрж хайж эхэлсэн бөгөөд тэдний гол хараа Бразил улс дээр тусаад байна. 

Бразил улс нь ГХЭ-ийн нөөцөөрөө Хятадын (44 сая тонн) дараа дэлхийд 2-рт ордог (ойролцоогоор 21 сая тонн). Хэдхэн жилийн өмнө тус улсад энэ төрлийн уул уурхай бараг хөгжөөгүй байсан бол сүүлийн үед хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж байна. 

Бразилын Үндэсний уул уурхайн агентлагийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад газрын ховор элементийн 2,700 гаруй идэвхтэй хайгуулын төсөл бүртгэгдсэн нь Швейцар улсын газар нутгаас ч том хэмжээний талбайг хамарч байна.

Ялангуяа 2023-2024 оны хооронд хайгуулын өргөдөл түүхэн дээд цэгтээ хүрсэн бөгөөд 2025-2026 онд ч эрчимтэй үргэлжилж байна. Бразилын геологийн тогтоц нь олборлоход хямд, өндөр үнэтэй хүнд элементүүдийн агууламж ихтэй ионы шаврын орд давамгайлдаг тул олон улсын хөрөнгө оруулагчдыг соронзон мэт татаж байгаа юм.

Барууны уул уурхайн компаниудын амбиц зөвхөн хүдэр ухаж гаргахаар хязгаарлагдахгүй. Тэд Бразил дотор химийн аргаар элементүүдийг салгах, цэвэршүүлэх үйлдвэр барьж, эцэст нь бэлэн соронз үйлдвэрлэдэг болох бүрэн хэмжээний сүлжээг босгохоор ажиллаж байна. Одоогоор Канад, Австралийн "Aclara Resources", "Viridis", "Meteoric" зэрэг томоохон компаниуд уралдан төслөө хөгжүүлж байгаа бөгөөд 2028 он гэхэд үндсэн олборлолт, үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөжээ.

2026 оны 4-р сард Америкийн "USA Rare Earths" компани Бразилын Гояс мужид байрлах, Азиас гаднах хамгийн чухал ордуудын нэг болох "Серра Верде" (Serra Verde)-гийн уурхайг 2.8 тэрбум ам.доллароор худалдаж авсан байна. 

Бразил улс БРИКС-ийн гишүүн бөгөөд Хятад улс бол тэдний худалдааны хамгийн том түнш. Тиймээс Бразилын засгийн газар Барууны хөрөнгө оруулалтыг уриалгахан хүлээн авч байгаа ч, АНУ болон Хятадын аль нэгнийх нь талыг баримталж, нөгөөгөө хавчихгүй гэсэн төвийг сахисан, прагматик байр суурийг хатуу баримталж байна.