Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР “ЭН ЭФ СИ” КОМПАНИ ШАЛГАРЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд БНХАУ-ын “Эн Эф Си” компани хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан тухай Засгийн газраас мэдэгдлээ.

Сонгон шалгаруулалтад Швейцарын “Glencore”, БНХАУ-ын “Jianxi Copper” тэргүүтэй нийт долоон орны 13 компани, түншлэл материалаа ирүүлсэн байна.

Хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “Эн Эф Си” компани шалгарчээ.

Уг компани нь дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон туршлагатай ажээ. Мөн уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компани гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн байна.

Урьдчилсан ТЭЗҮ-ээр зэсийн үйлдвэрийг 700 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд барина хэмээн тооцоолжээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулж, жилд 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломжтойг Засгийн газар мөн онцлов.