
О.Дөлгөөн
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Azzuro Resources PLC (ASX: AZ9) компани Майхан уул зэс-алтны төслийн хайгуулын ажлын шинэ үр дүнгээ зарлалаа. Шинжилгээгээр тус ордын хэд хэдэн бүсэд зузаан бөгөөд өндөр агуулгатай полиметаллын эрдэсжилт байгаа нь батлагдсан байна.
Төслийн талбайд гүйцэтгэсэн MU2601 цооногоос гарсан лабораторийн шинжилгээний хариу нь Майхан уулан дахь өнөөдрийг хүртэл бүртгэсэн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болж байна. Тухайлбал, 108.4 метрийн гүнээс эхлэн 13.1 метрийн туушд 2.58% зэс, 0.96 г/т алт, 22.4 г/т мөнгө, 0.76% цайрын өндөр агуулга бүхий үндсэн масс сульфидын бүсийг огтолжээ. Энэ нь өмнөх цооногуудтай харьцуулахад мөнгөний агуулгаараа даруй 6 дахин их байна.
MU2601 цооногоор гадаргууд ойр гүехэн алт-мөнгөний бүс, үндсэн масс сульфидын бүс, хагас масс сульфидын судал болон хоёр дахь масс сульфидын бүс гэсэн дөрвөн өөр эрдэсжилтийн бүсийг тогтоожээ.
Эрдэсжилтийн суналт баруун хойд зүгт үргэлжилж байна
Хайгуулын ажлын өөр нэгэн чухал ахиц дэвшил нь MU2605 цооног байлаа. Чулуун дээжийг нүдээр үзэж тогтоосноор (visual logging) тус цооног нь масс сульфидын эрдэсжилтийн хүрээг баруун-баруун хойд зүгт суналтын дагуу дахин 124 метрээр сунгаж, нийт батлагдсан урт нь 272 метрт хүрлээ.
Уг цооногийн 127.2 метрийн гүнээс зэсийн агуулга өндөртэй, ойролцоогоор 41.6%-ийн халькопирит агуулсан масс сульфидын доод бүс илэрсэн байна. Тус цооногийн лабораторийн анализын хариу ирэх 3-5 долоо хоногийн дотор гарах аж.
Эх сурвалж: Discovery Alert