Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ болон Ираны хооронд энхийн гэрээ байгуулагдахад ойрхон байна 

О.Дөлгөөн

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай хийж буй дайныг зогсоох хэлэлцээрт энэ амралтын өдрүүдээр багтаж гарын үсэг зурж магадгүй гэж мэдэгдэв. Ингэснээр гурван сар гаруй үргэлжилж, олон мянган хүний амь насыг авч одсон АНУ-Ираны дайныг эцэслэхэд томоохон ахиц гарна гэсэн хүлээлт үүсэж байна.

Пүрэв гарагт (2026.06.11) Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Дональд Трамп "Бид Ирантай хийж буй дайныг зогсоох зохицуулалтад хүрлээ. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурмагц Ормузын хоолой албан ёсоор нээгдэнэ. Гарын үсэг зурах ёслол магадгүй энэ амралтын өдрүүдээр Европт болж, АНУ-ын удирдамжаар Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс оролцоно" хэмээн мэдэгдсэн байна. 

Ираны тал "улаан шугам"-аа давахгүй гэв

Нөгөө талаас Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи хэлэлцээрийн томоохон хэсгийг эцэслэн тохиролцсон ч Иран улс өөрийн стратегийн "улаан шугам"-аас ухрахгүй гэдгийг мэдэгдэв. Тэрбээр "Бид энэ асуудлаар хараахан эцсийн дүгнэлтэд хүрээгүй байна. Одоогоор холбогдох шийдвэр гаргах байгууллагууд төслийг хянаж үзэж байна" гэлээ.

Иран улсын зүгээс олон улсын хоригийг цуцлах, царцаасан олон тэрбум долларын хөрөнгөө чөлөөлөх болон Ормузын хоолой дахь өөрийн хяналтыг зөвшөөрүүлэхийг шаардаж байгаа юм. Харин АНУ-ын тал Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлэх болон худалдан авах замыг бүрмөсөн хаах хатуу байр суурь баримталж байна.

Хэдийгээр энхийн хэлэлцээр ойртсон тухай мэдээгээр Азийн болон дэлхийн хөрөнгийн зах зээл сэргэж, газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хамгийн доод түвшинд хүртэл буурсан ч бүс нутагт нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байна.

Пүрэв, Баасан гарагт шилжих шөнө Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх худалдааны хөлөг онгоцууд руу Ираны тал халдахаар завдсаны улмаас АНУ-ын зэвсэгт хүчин Ираны хоёр дроныг устгасан байна. Мөн Ираны цэргийнхэн нэгэн танкер хөлөг онгоцыг саатуулж, тус бүс нутагт дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.

Д.Трамп уг хэлэлцээрийг Израиль, Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг бүс нутгийн холбоотнууд нь дэмжсэн гэж мэдэгдсэн. 

Түүнчлэн Иран улс тус хэлэлцээрийн хүрээнд Израилийн зүгээс Ливан дахь Хезболлах бүлэглэлийн эсрэг хийж буй дайралтыг зогсоохыг шаардаж байгаа нь хэлэлцээрт нөлөөлж болзошгүй байна.

Эх сурвалж: Reuters.com