Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Оюутолгой ХХК-ийн Сэргээгдэх эрчим хүчний төслийн танилцуулгыг сонслоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газраас “чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, үүний хүрээнд “эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын цөмд улс орны дэд бүтэц, аж үйлдвэрийн хөгжлийн суурь, эдийн засгийн гол тулгуур болсон эрчим хүчний салбарын шинэчлэлийн асуудал багтаж буй юм.

Ерөнхий сайдын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санал дүгнэлт, төсөл боловсруулах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд боллоо. Тус ажлын хэсгийн Геологи, уул уурхайн асуудал хариуцсан дэд ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж байна.

Хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн сэргээгдэх эрчим хүчний төслийн талаарх танилцуулгыг сонсож, хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тус төслийн явцын талаар дурдахдаа, холбогдох чиг үүргийн дагуу Эрчим хүчний яамнаас ямар нэгэн асуудалгүй гэсэн саналыг ирүүлснийг онцолсон юм.

Дэд ажлын хэсгийн удирдамжид: УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын (Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай) хэрэгжилтийг хангах хүрээнд, “Оюу Толгой” ХХК-ийн сэргээгдэх эрчим хүчний төслийг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний хүрээнд уялдуулж, санал дүгнэлт боловсруулахаар тусгасан байдаг.

Үүнтэй холбогдуулан 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр товлогдсон “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) ээлжит 65 дугаар хурлаар “Оюу Толгойн сэргээгдэх эрчим хүчний төсөл - Сэргээгдэх эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай” асуудлыг хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөж байсан ч тодорхой шалтгаанаар хойшилсон байна. Одоогоор уг асуудлыг ирэх 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцэхээр урьдчилсан тов гараад байна.

Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” ХХК нь БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний компаниас импортын цахилгаан эрчим хүч авч, үйлдвэрлэлээ явуулж байгаа юм. Харин уг Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжсэнээр импортын хамаарлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Тус сэргээгдэх эрчим хүчний төслийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Төслийн хүрээнд 150 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц болон эрчим хүчний найдвартай байдлыг хангах 50 МВт-ын батарей хуримтлуурын систем (BESS)-ийг хамтад нь байгуулах юм. 

Энэхүү төсөл нь Монгол Улсын говийн бүсэд эрчим хүчний найдвартай, бие даасан байдлыг бэхжүүлэх, уул уурхайн томоохон үйлдвэрлэлийг ногоон эрчим хүчээр хангах, байгаль орчинд ээлтэй хөгжлийг дэмжихэд стратегийн өндөр ач холбогдолтой юм. 

Эх сурвалж: АҮЭБЯ