Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Иран болон АНУ дайн зогсоож, Ормузын хоолойг дахин нээхээр тохиролцлоо: Газрын тосны үнэ огцом унав

О.Дөлгөөн

АНУ болон Иран улс дайныг эцэс болгож, Ормузын хоолойг дахин нээхээр тохиролцсоноо мэдэгдлээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хоромхон зуурт 4 гаруй хувиар унаж, Азийн хөрөнгийн биржүүд дээр хувьцааны ханш огцом өссөн байна. 

Source: Oilprice

Хэдийгээр одоогоор зөвхөн ерөнхий хүрээ хэлэлцээр боловч, өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-Израилийн Иранд хийсэн хамтарсан цохилтоос үүдэж олон мянган хүний амь насыг авч одсон, эрчим хүчний зах зээлийг тогтворгүйжүүлсэн уг мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн хамгийн том ахиц дэвшил боллоо.

Уг хэлэлцээрт Пакистан улс зуучлагчаар оролцсон бөгөөд талууд ирэх Баасан гарагт Швейцарт Харилцан ойлголцлын санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурахаар тохиролцжээ. Санамж бичгийн хүрээнд өнөөдрөөс эхлэн Ливан зэрэг бүх фронтод цэргийн ажиллагааг бүрмөсөн зогсоохоор тусгасан байна. 

Цөмийн хөтөлбөрийн асуудал дараагийн шатанд шийдэгдэнэ

Хэдийгээр гал зогсоох урьдчилсан тохиролцоонд хүрсэн ч Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал болон Иранд тавьсан эдийн засгийн хоригуудыг цуцлах эсэхийг ирэх 60 хоногийн гал зогсоох хугацаанд нарийвчлан хэлэлцэх аж.

Ираны зүгээс цөмийн бөмбөг хийх зорилгогүй гэдгээ мэдэгдэж байгаа бөгөөд урьдчилсан гэрээний дагуу АНУ-д царцаагдсан Ираны 25 тэрбум ам.долларын хөрөнгийг чөлөөлөх асуудал яригдаж байна.

Дэлхийн газрын тос, хийн хангамжийн гол замын нэг болох Ормузын хоолойг ирэх Баасан гарагт нээх болно гэдгийг Трамп мэдэгдээд, Ираны боомтуудыг хаасан АНУ-ын бүслэлтийг зогсоох тушаал өгснөө хэлэв.