- Астана хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл санал болгож байна -

Ч.Сансар
АНУ болон Төв Азийн орнуудын төлөөлөгчид 6-р сарын 11-12-нд Казахстаны нийслэл Астана хотод уулзаж, чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын салбарт хамтран ажиллах талаар ярилцахаар төлөвлөж байна. Энэхүү уулзалт нь АНУ болон Төв Азийг холбосон эдийн засаг, боловсрол, улс төрийн харилцааг өргөжүүлэх зорилготой “С5+1” бүлгийн хүрээнд хэрэгжиж буй чухал үйл ажиллагаа юм.
“Астанагийн Уул Уурхай, Металлургийн Чуулга Уулзалт” (AMM-2026) гэж нэрлэгдэж буй энэхүү уулзалт нь "2025 оны 11-р сард Вашингтонд болсон [C5+1] дээд хэмжээний уулзалтаар ярилцсан хөрөнгө оруулалтын асуудлуудаа бодит ажил болгох зорилготой" гэж Казахстаны Засгийн газрын мэдэгдлээ.
Трампын засаг захиргаа АНУ-ын Экспорт-Импортын банк болон АНУ-ын Хөгжлийн Санхүүгийн Корпорац (DFC) зэрэг төрийн агентлагуудаараа дамжуулан Төв Азийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Үүний зэрэгцээ, Казахстан хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулагчдад тухайн төслүүдийн дийлэнх хувийг эзэмших эрх олгосон. Жишээлбэл, Казахстаны албаныхан саяхан батлагдсан вольфрамын төслийг загвар гэрээ болсон гэж онцолсон. Уг төслийн хүрээнд Америкийн "Kaz Resources Inc." консорциум Казахстаны вольфрамын томоохон ордуудыг ашиглах зөвшөөрөл авсан бөгөөд Америкийн компани уг төслийн 70%-ийг эзэмшиж, үлдсэн 30%-ийг Казахстаны засгийн газар эзэмшихээр тохиролцсон.
2025 оноос хойш Трампын засаг захиргаа Төв Азийн эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг засгийн газрын тэргүүлэх чиглэл болгосон. Хятад улс одоогоор чухал ашигт малтмал, газрын ховор элементийн зах зээлд ноёрхдог.
“Казахстан улс Төв Азид төвийг сахисан дамжин өнгөрөх нутаг дэвсгэр гэсэн ангиллаас шилжиж критикал минералын нийлүүлэлтийн сүлжээнд идэвхтэй тоглогч болохыг эрмэлзэж байна” гэж Казахстаны засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: eurasia.net