Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААС ГАРСАН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан /2026.06.17/ онцлох шийдвэрүүдийг танилцуулж байна. Хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт дууссантай холбоотой танилцуулга хийлээ.

Энэ тухайд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, “Гангийн цогцолбор үйлдвэр барих урьдчилсан сонгон шалгаруулалт дууссан. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг олон улсын нээлттэй тендер зарладаг сайтуудад нэг сар байршуулснаар 5 аж ахуйн нэгж саналаа ирүүллээ. Шаардлага хангасан хоёр аж ахуйн нэгжийг хураангуй жагсаалтад орсныг баталгаажуулж урилга хүргүүлэх шийдвэр гарсан. Гангийн төсөл бол Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах, байгалийн баялгаа түүхийгээр нь олборлоод шууд экспортлохгүйгээр дотооддоо боловсруулдаг болох манай Засгийн газрын нэг том төсөл болно” гэлээ. 

“Уул уурхайн олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх төлөвлөгөөг Засгийн газраас баталлаа. Улсын хэмжээнд 54 мянган га газар нутаг уул уурхай, зам тээвэр, хууль бус олборлолтоос шалтгаалан эвдэрсэн байна. 2026-2030 онд эдгээр талбайг нөхөн сэргээхээр 27 заалт бүхий ажлын төлөвлөгөө боловсруулсан” хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдэгдлээ.

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр хийсэн мэдэгдэлдээ Эрчим хүчний сайд Б.Найдалаа, “2007-2019 байгуулагдсан сэргээгдэх эрчим хүчний 10 гэрээг судлах ажлын хэсгийн тайланг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Өндөр үнэтэй гэрээнүүдийг судалж, худалдах, худалдан авах гэрээг шууд хийх бус нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулах шийдвэр гарсан. Зарим гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнэ тарифыг бууруулна. Үнэд тулгуурласан сонгон шалгаруулалт буюу аукционоор 5 аймагт нарны станц байгуулах төслийг хэрэгжүүлэх боломжтой 19 компани шалгарсан. Анх санал өгөхөд 115 компани байсан ч шаардлага хангасан 19 компани үлдсэн. Маргааш /2026.06.18/ Эрчим хүчний яаманд үнийн дуудлага худалдаа явагдаж, 5 компанийг эцэслэж шалгаруулна” гэдгийг онцолсон.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон өөрчлөн шинэчлэх тогтоол батлагдсан. Энэ бол зөвхөн нэр солих тухай асуудал биш бөгөөд уул уурхай удирддаг байгууллагаас үндэсний баялаг удирддаг байгууллага руу шилжиж буй засаглалын шинэчлэл юм. 

Үр дүнд нь төрийн өмчийг зөвхөн эзэмшдэг биш үнэ цэнийг өсгөдөг, уул уурхайгаас олсон орлогыг зарцуулдаг бус арвижуулдаг, хөрөнгө удирддаг мэргэжлийн институт болж өргөжүүлж байна хэмээн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хэллээ. Мөн ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувиар тус тус буурч, 67.3 тэрбум төгрөг хэмнэж байгааг тодотгосон юм.