Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд байгаль орчин, уул уурхай, стандартын шаардлагын хэрэгжилтийг шалгах хамтарсан хяналт шалгалт Сэлэнгэ, Өмнөговь, Булган аймгуудад ажиллаж байна хэмээн БОУАӨЯ-наас мэдээлэв. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам холбогдох байгууллагууд болон орон нутгийн удирдлагатай хамтран зохион байгуулж буй уг шалгалтын зорилго нь уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэжээ.

Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн шалгалт: 64 зөрчил илэрчээ

Одоогийн байдлаар нийт 21 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийснээс 5 нь үйл ажиллагаа явуулаагүй байв. Шалгалтад хамрагдсан ААН-үүдийн байгаль орчны үнэлгээ, ус ашиглалт, хог хаягдлын менежментийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, байгаль орчны үнэлгээтэй 13 ААН-ийн ердөө 6 нь, хог хаягдлын хуулиар хүлээсэн үүргээ 2 нь л бүрэн биелүүлж, усны хамгаалалтын бүсийн дэглэмийг цөөн тооны ААН мөрдөж байна.

Нийт 64 зөрчил илрүүлж, прокурорын зөвшөөрлөөр 8 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоосон бөгөөд гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг холбогдох байгууллагад шилжүүлжээ. Мөн 12 байршлаас хөрсний шинжилгээ авч, зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Хайгуулын цооногийн нөхөн сэргээлтийн чанарт анхаарах шаардлагатай байна

Геологи, хайгуулын ажлын хүрээнд өрөмдлөгийн цооногийн нөхөн сэргээлтийг шалгахад зөрчлүүд илэрлээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Саусгоби сэндс” ХХК 16 цооногт нөхөн сэргээлт хийсэн гэж тайлагнасан ч газар дээр нь шалгахад 6 цооног нь олборлолтод өртөж, 6 нь нүүрс буулгах талбай болж өөрчлөгдөн, ердөө 3 цооног л битүүмжлэлтэй байжээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 939.77 га талбай, 149 цооногт нөхөн сэргээлт хийсэн ч иргэдийн гар аргаар хууль бусаар олборлоод орхисон талбайнууд эрсдэл дагуулсаар байна.

Ажлын хэсэг хууль бус олборлолтод өртсөн “16 даваа”, “Шаварт” зэрэг байршлуудад ажиллалаа. “16 даваа” орчимд гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас үүссэн 200 орчим нүх, цооног байгаа нь нуралт үүсгэж, осолдох эрсдэлийг нэмэгдүүлжээ. Мөн “Шаварт” байршилд орон нутгаас нүхнүүдийг булж битүүмжилсэн ч богино хугацааны дараа хууль бус олборлолт дахин үргэлжилж, шинээр нүх, цооног үүссэн нөхцөл байдалтай байна.

Холбогдох байгууллагууд хууль бус олборлолтыг таслан зогсоох, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хайгуулын цооногуудыг аюулгүй болгох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: БОУАӨЯ