Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ОЮУТОЛГОЙН ЭРГЭЛЗЭЭТЭЙ ӨГӨӨЖ

Б.Төгсбилэгт

Ерөнхий сайд Н.Учрал болон түүний баг Оюутолгойн хэлэлцээрийг нааштай үр дүнд хүргэж чадна гэдэгт монголчууд итгэж хүлээж байна. Яг энэ итгэлийг ойлгож ухамсарлаж буйгаа тэрбээр албан тушаалд томилогдмогцоо хэлсэн үгэндээ Оюутолгойгоос хүртэх Монголын талын өгөөжийг 53%-д хүргэх Г.Занданшатарын Засгийн газрын бодлогыг хатуу баримтлан хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар зээлийн хүү бууруулах хэлэлцээрийг ахалж байсан Сангийн сайдыг сольж, харин менежментийн зардлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдыг улираан томилсон юм. Эдгээр нь Оюутолгойн хэлэлцээр цаашид хэрхэн үргэлжлэх дүр зургийг илүү тодруулж өгсөн билээ.

Ингээд хэлэлцээрийн үр дүнгийн талаар багагүй хүлээлгэсний эцэст Н.Учрал сайд сайн мэдээ дуулгаж (2026.05.19) мэндчилэв. Рио Тинто компанийн Оюу толгой компанид үзүүлэх менежментийн төлбөрийн зардлыг хоёр дахин бууруулж буйг тэрбээр дуулгасан нь хэлэлцээрийн явц харьцангуй нааштай хандлага руу эргэснийг нотлов. Үүнээс өмнөх хугацаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг менежментийн зардлыг бууруулахаар хатуу байр суурь баримтлан ажиллаж буйгаа дуулгасаар байсан билээ. Ийнхүү Рио Тинтог "эхний барилдаанд" төвөггүй давсан хэмээн зарим хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь хэт эрт баярлах хэрэггүй гэж шүүмжилнэ.

Гэхдээ яах аргагүй сайн мэдээ мөн үү гэвэл мөн. Тодруулбал Н.Учрал сайд хэлэлцээрийн үр дүнд "Оюутолгой" төслийн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж, үр дүнд нь 2.2 тэрбум долларын зардал буурч, Монгол улсын өгөөж 1.5 тэрбум доллароор нэмэгдэх тооцооллыг ийн танилцуулсан юм.

Энэ талаар тэрбээр, "Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилтаа, үр дүнгээ гаргаж чадлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Рио Тинто групптэй Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж чадлаа. Төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ. Энэ бол 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурах сайн мэдээ төдийгүй Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор өсөн нэмэгдэх сайн мэдээ... Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн сайн мэдээ. Монголчууд эрх ашгаа хамгаалж чаддаг, хөрөнгө оруулагч нартай нэг түвшинд яриа хэлэлцээр хийж чаддаг гэдгийн үр дүн юм... Цаашид "Онтре"-ийн хөрөнгө оруулалтын гэрээ, Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрүүдэд амжилт гаргахын төлөө Засгийн газар хичээж ажиллах болно" гэв.

Өөрөөр хэлбэл эхний даваагаа сайн давсан ч бүр хэцүү хүнд даваа цаана нь хүлээж буйг илэрхийлсэн хэрэг.

Эдгээр хэлэлцээрийн гол зорилго нь үндсэндээ Оюу толгойн Монгол улсад хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудал билээ.

Өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатар 3 дугаар сард "Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүстэй уулзалт хийхдээ нэлээд тодорхой шаардлагуудыг тавьсан юм. Энэ нь Засгийн газрын хэлэлцээрт баримтлах зорилтууд, хүрэх үр дүнгийн талаар илүү ойлгомжтой зураглалыг олон нийтэд өгсөн билээ.

Тухайлбал, 1. "Оюу Толгой" төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,

2. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах,

3. Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос "Оюу Толгой" ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,

4. Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,

5. "Онтре" компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг тавьж, үндэслэлээ тайлбарласан.

Тэгэхээр хэлэлцээрт эдгээр заалт хэрэгжих талд эргэлт хийж чадвал манай улсын хувьд ялалтаа тэмдэглэх боломж олдох юм.

Нөгөөтэйгүүр Оюу толгой компанийн хувьд дийлэнх өгөөж Рио Тинтогийн талд бус, харин Монголын талд оногдох тухай дахин дахин илэрхийлсээр байна. Тухайлбал энэ бүхнийг илэрхийлсэн Оюу толгойн үр өгөөжийн зураглалыг жилийн тайландаа багтаажээ. Хэрэв бүх зүйл тооцооллын дагуу өрнөвөл манай улсын тал Оюутолгойн үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 61%-ийг хүртэх талаар тус компанийн 2025 оны жилийн тайланд тусгажээ. Түүнчлэн Оюу толгой үйлдвэрийн үр өгөөжийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан тайланг Егдо Strategy Group судалгааны байгууллагаас эмхтгэн гаргажээ. Энэхүү тайланд дурдсанаар нийт өгөөжийн манай улсад оногдох хувь мөн л дийлэнх буюу 53%-тай байхаар танилцуулжээ. 

Эх сурвалж: Оюу толгой ХХК, 2025 оны жилийн тайлан

Н.Учрал сайдын хувьд өмнөх Ерөнхий сайдаас ялгаатай нь үр өгөөжийн хувь хэмжээг илүү нарийвчилсан байдлаар тооцоолно гэдгээ мэдэгдсэн удаатай. Тэгэхээр Рио Тинто, Оюу толгой компанийн зүгээс танилцуулж буй 53% эсвэл 61%-ийн өгөөжийн тооцооллыг хэрхэн нарийвчлан задалж, харилцан ойлголцолд хүрэхээ гүнзгий мэдэж байгаа болов уу гэсэн найдлага байна.

Н.Учрал сайдын хувьд Ораногийн хэлэлцээрт эдийн засгийн үр өгөөж талд амжилттай ажилласан турш-лагатай. Гэвч Рио Тинтотой хэлэлцээрт орж, эцэслэх нь илүү ярвигтай байх нь дамжиггүй. Учир нь Оюу толгой нь асар өндөр өртөгтэй, санхүүжилтийн бүтцийн хувьд нарийн төвөгтэй, тогтворжуулалтын гэрээгээр хамгаа-лагдсан төдийгүй илүү том төсөл билээ.

Дэлхийн зах зээлд зэс, алт, мөнгөний ханш огцом цойлж, цаашид үргэлжлэн өсөх төлөв тодрон буй нь Оюу толгой үйлдвэрийн орлогын "их тэсрэлт"-ийн үе айсуйг илтгэж байна. Энэ зуур Монголын Засгийн газар зүгээр суусаар хоосон хоцорвол цаашид юунд найдаж хүлээж сууна гэж хэмээн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал анхаарууллаа. Үнэхээр Оюу толгой төслийн хувьд acap TOM зээлийн санхүүжилтээр босож буй уул уурхайн мега төсөл. Ergo Strategy-ийн тайланд дурдсанаар Оюу толгой нь 14 тэрбум ам.долларын төсөл гэж тодорхойлжээ. Энэ бол мэдээж төслийн эхний шат болох ил уурхай болон өргөтгөлийн шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардлыг илэрхийлсэн дүн. Тэгвэл өнгөрсөн 12 дугаар сард болсон Оюу толгойн нээлттэй сонсголоор нийт төслийн санхүүжилт 22 тэрбум ам.долларт хүрсэн нь нэгэнт тодорхой болсон. Уг дүнг Оюу толгой компани төлж барагдуулах үүрэг хүлээж буй. Оюу толгой уурхай нь баяжмал борлуулалтын оргил үе рүүгээ орж буй өнөө үед зэсийн баяжмалын орлогоор зөвхөн өнгөрсөн жилд гэхэд 5 тэрбум орчим ам.долларыг олжээ. Энэ бол хэдэн жилийн өмнөх тооцооллоор зөвхөн оргил олборлолтын үед гарах мөнгөн орлого байсан юм.

Цаашид уг үзүүлэлт даруй 7.3-7.6 тэрбум ам.долларт хүрэх төдийгүй компанийн эерэг мөнгөн урсгал жилд дунджаар 4 тэрбум ам.долларт хүрэхээр байгааг Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан (2026.05.29) танилцууллаа.

Илүү өөдрөг тооцооллоор борлуулалтын орлого жилд даруй 10 тэрбум ам.долларт хүрэх төлөв гарчээ.

Тэрбээр мөн уг төслийн Монголын талд оногдох өгөөжийн талаар хэд хэдэн тодорхой тоо баримтыг суурь тооцоололд үндэслэн тайлбарласан юм. Тухайлбал, зэсийн үнэ тонн тутамд 13 мянган ам.доллар, алтны үнэ 4500 ам.доллар/унц байх тохиолдолд Оюу толгой компани зээлийн эргэн төлөлтийг 2035 он гэхэд бүрэн төлж барагдуулах бөгөөд Монгол улсад эхний ногдол ашиг 2033 оноос хүртэж эхлэхээр байгааг дуулгалаа. Гэхдээ түүний дуулгасан хамгийн сэтгэл гонсойлгомоор зүйл нь Монгол Улсын хүртэх өгөөж 2026 2035 он хүртэл нийтдээ 10.1 тэрбум ам.доллар, Рио Тинтогийн хүртэх хувь буюу мөнгөн урсгал 34.3 тэрбум ам.доллар байх ажээ. Бүр тодруулбал Рио Тинтогийн хүртэх нийт мөнгөн дүнгээс тус компанийн төсөлд оруулсан зээлүүдийг хассан ч тус компанид илүү өгөөж үлдэж буйг суурь тооцооллоор тайлбарлаж харууллаа. Ингэснээр дийлэнх өгөөж яг хэнд оногдоод буйг сайтар эргэцүүлэхэд хүргэж байна. Түүнчлэн тэрбээр Оюу толгойн хамгийн өндөр ашигтай ажиллах жилүүд эхэлж буй тул 34%-д ногдох ногдол ашгийг энэ оноос түрүүлж авах боломжтойг дуулгав. Үүнийг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар хийх боломжтой ажээ. Уг гэрээнд одоогоор "бүх ашгаар бүх зээлийг нэн тэргүүнд төлөх" зарчим үйлчилж буй юм. Ингэснээр манай улс жилд 1.3-1.4 тэрбум ам.долларыг зөвхөн ногдол ашиг хэлбэрээр авах тооцоолол гарчээ. Энэ нь 34%-ийг нэмэлт АМНАТ-өөр орлуулах хувилбараас ч илүү ашигтай байгаа нь тодорхой байна. Уг нөхцөл шалгуур нь 2022 оны 1 дүгээр сард Оюу толгойн Засгийн газрын 34%-д ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр бүрэн бүрдчихээд байгаа ажээ. Түүний хувьд Оюу толгой компанийн ТУЗ-д даруй таван жил (2020-2025) ажилласан туршлагатай бөгөөд түүнээс өмнө JP Morgan банкинд ажиллаж байсны хувьд Оюу толгойн нарийн ширийн тоо баримтыг хэн хүнээс илүү ойлгох чадвартай гэдэг нь тодорхой. Тэгэхээр тэрбээр ийнхүү бид бүхний төдийлөн олж үзэх гээд чаддаггүй, үзсэн ч төдийлөн ойлгож чаддаггүй үзүүлэлтүүдийг суурь тооцооллоор танилцуулсан нь хэлэлцээрийн идэвхитэй өрнөж буй энэ үед ихээхэн үр дүнтэй мэдээлэл боллоо.

Ногдол ашгийг түрүүлж авах буюу энэ оноос хүртэх боломжийг Засаг эрэлхийлж буй ч энэ нь үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Рио Тинто компани зээлийг юун түрүүнд төлөх чиглэлд эерэг мөнгөн урсгалыг бүхэлд нь зарцуулах зохицуулалтыг гэрээнд тусгаж амжсан. Гэхдээ Засгийн газар цаашид зээлийн хүүг ялимгүй бууруулах чиглэлд бүх хүчээ дайчлахаас илүүтэй зээлийн бүтцийг өөрчлөх чиглэлд ажиллах нь илүү үр дүнтэйг ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан онцоллоо. Оюу толгой төслийн нийт зээлийн дийлэнхийг Рио Тинто олгосноос үзэхэд зээлийн бүтцийг өөрчлөх нь зарчмын хувьд боломжтой.

Оюу толгой үйлдвэрийн хувьд бол үндсэндээ 2051 OH хүртэл үргэлжлэхээр төлөвлөн ажиллаж буй юм. Энэ дотроо олборлолтын өндөр дүнтэй үе нь 2040 оноор дуусгавар болох юм. Улмаар олборлолт гүний уурхай бус ил уурхайн олборлолтод голлон түших чиглэл рүү хандана. Тэгэхээр татварын ахиу орлого ч гэсэн энэ үеэр дуусгавар болно гэсэн үг.

Сүүлийн үед олон нийтэд дэлгэгдэж буй тайлан, тоо мэдээллүүд нь үр өгөөжийн дийлэнхийг Монголын талд хуваарилах тухайд холбогдож байна. Иймд уг төсөлд хамтрагч талууд болох Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компани нь төслийн үр өгөөжийн тухайд нэгдсэн ойлголцолд яг таг хүрэхгүй бол одоогийн энэхүү өгөөжийг хоосон сурталчилдаг үйл явц нь жил өнгөрөх хэрээр ноцтой үр дагаварт хүрч болзошгүй болоод байна.

Эх сурвалж: Туркойз Хилл Ресурс, Оюу толгойн техникийн тайлан 2020

Нэг талаас Монголын Засгийн газрын олон нийтийн дундах төдийгүй олон улсын тавцан дахь нэр хүнд доошлох, нөгөө талаас Рио Тинтогийн дэлхий нийтэд танигдсан нэр хүнд Оюу толгой төслийн өгөөжтэй холбоотойгоор унах магадлал өндөр юм.

Өөрөөр хэлбэл зэс, алтны үнэ өсөж Оюу толгойн орлого зузаарахын хэрээр Монголын талын хүртдэг 5%-ийн АМНАТ-ийн орлого төдийлөн хангалттай ашиг болж харагдахгүй болох нь одоо улам бүр тодорхой болж ирж байна.

Харин Рио Тинтогийн хувьд хөгжиж буй оронд хэрэгжүүлж буй төслийн дийлэнх өгөөжийг хувьдаа завшдаг нэр зүүнэ гэсэн үг.

Одоо Засгийн газарт үр өгөөжийг сайжруулахаар зээлийн хүүг бууруулах хэлэлцээр болон Онтре Ресурс компанийн тусгай зөвшөөрөл бүхий хэсэгт шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил үлдэж байна. Зээлийн хэлэлцээрээр хүү бууруулахаас гадна улирал тутам нийлмэл хүү тооцох аргачлалыг болиулах, урьд нь нийлмэл хүүнээс бодогдсон дүнг бүрэн тэглэх зэрэг шаардлагуудыг биелүүлэх боломжтой. Гэхдээ хүүг төдийлөн өндөр дүнгээр бууруулах боломж ихээхэн хумигдмал. Учир нь Рио Тинтогийн өөрийнх нь арилжааны банкуудаас авдаг зээлийн хүүгийн дундаж үзүүлэлт нэлээд өндөр болох хандлагатай байгаа. Иймд Засгийн газар зээлийн хүүгийн хэмжээг 3% болон түүнээс дээш хэмжээгээр буулгахад ихээхэн төвөгтэй байх магадлалтай. Зээлийн хүүний Өгөөж нь Рио Тинтогийн хувьд Оюу толгойгоос хүртэж буй томоохон ашиг тул энэ боломжоо шууд алдахыг хүсэхгүй.

Онтрегийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн тухайд асуудал илүү ярвигтай байх магадлалтай. Засгийн газрын зүгээс Онтрегийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд нь 2009 оны ХөОГэрээнд хамаарахгүй гэсэн байр суурьтай байгаа билээ. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулахтай холбоотой УИХ-ын 120 дугаар тогтоолоор шаардлагатай тохиолдолд "стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших "Жавхлант", "Шивээ толгой" ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах" тухай заасан.

Тайлбар: Тус графикийг Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалангийн хялбаршуулсан тооцоололд үндэслэн бэлтгэв.

Онтре Ресурс энэ оны эхний улирлын тайлангаа (2026.05.14) танилцуулсан. Үүнд энэ оны 3 дугаар сарын 25-нд манай улсын Засгийн газарт 34%-ийн эзэмшлийн оронд тодорхой АМНАТ төлөх саналыг хүргүүлсэн тухайгаа мэдээлсэн байна. Мөн компанийн одоогийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Стивен Скотт энэ оны дундуур ажлаа хүлээлгэн өгөхөөр болж байна. Онтрегийн талбайн хувьд Оюу толгойн гүний уурхайн зэс, алтны хамгийн баялаг агуулгатай хэсэг бөгөөд нэмэлт хайгуулаар нөөц нэмэгдэх боломжтойг мэргэжилтнүүд сануулж буй юм. Иймд шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшилцөлд хүрч чадвал Монголын талд ихээхэн ашигтай нь дамжиггүй.

Засгийн газрын зүгээс Оюутолгойн хэлэлцээрээр ойрын хугацаанд нааштай үр дүнд хүрэх хүлээлт өндөр байна. Гэхдээ хэлэлцээрийн үр дүнд үнэхээр өгөөжийг 53%, магадгүй 60%-д хүргэж чадсан эсэхэд хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрэхгүй бол эцэст нь дахин эргэлзээ үүсэх эрсдэлтэй. Сайн зүйл гэвэл зэс, алтны ханшийн өсөлтөөр ногдол ашиг авах хугацаа наашилж буй нь тодорхой байна. Дийлэнх өгөөжийг Монголын талд гэсэн зарчмыг ΜΘΗ талууд хүлээн зөвшөөрч буй явдал юм. Гэвч үнэхээр дийлэнх өгөөж манай улсад оногдож чадах уу гэдэг нь одоохондоо асуулт хэвээр байгааг тоон мэдээллүүдээс харж болохоор байна.