Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГУУД КРИТИКАЛ МИНЕРАЛЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНД ГОЛЛОХ ҮҮРЭГТЭЙ

Т.Бямбанаран

Байгалийн баялгийн үр өгөөжийг хөрөнгө оруулах замаар урт хугацаанд өсгөн арвижуулах, уул уурхайгаас олж байгаа хуримтлалын орлогыг үр ашигтай удирдах, өнөө болон ирээдүйд тэгш хүртээх зорилготой Баялгийн сангууд өнөөдөр геополитик, эрчим хүч, технологийн өрсөлдөөний анхаарлын төвд гарч ирлээ. Баялгийн сангуудын үүрэг, оролцоонд эрс өөрчлөлт орж байна гэсэн γг.

Энэ бүхний цаана нэг том хүчин зүйл оршиж байгаа нь газрын ховор элемент (ГХЭ), критикал минерал гэж нэрлээд буй литий, никель, кобальт, зэс тэргүүтэй түүхий эд юм. Стратегийн хөрөнгө хэмээн үзэх болсон газрын ховор элемент нь эдийн засаг болон үндэсний аюулгүй байдал цаашлаад эрчим хүчний хараат бус байдалд туйлын чухал болох нь тодорхой болсон.

ХХI зууны "шинэ газрын тос” болоод буй эдгээр ашигт малтмалын цаана хүн төрөлхтний ирээдүйн хөгжил, дэвшилтэт технологи, цаашилбал улс орнуудын аюулгүй байдлын асуудал давхар хөндөгдөж байна. Гэтэл дан ганц БНХАУ дэлхийн цэвэршүүлсэн ГХЭ-ийн үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг, олборлолтын 60 гаруй хувийг гартаа атгаж байна.

Тиймээс энэхүү геополитикийн тоглолтод хүчтэй өрсөлдөгч Ойрх Дорнод, ялангуяа Персийн булангийн орнууд хүч түрэн орж ирэх болов. Эдгээр улсууд эдийн засгаа газрын тосны дан ганц хамаарлаас аажмаар хөндийрүүлж, цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ рүү эргэлт буцалтгүй идэвхийлэн орлоо. Үүнд Үндэсний баялгийн сангууд (ҮБС) чухал үүрэг гүйцэтгэж байна. Ойрх Дорнод ба Хойд Африкийн бүс нутгийн баялгийн сангууд нийтдээ 5 их наяд ам.доллароос давсан хөрөнгийг удирддаг бөгөөд үүний 3/2 нь Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улсад төвлөрчээ.

Энэ хүрээнд барууны орнууд, тэр дундаа AHY "Forum on Resource Geostrategic Engage- ment" (FORGE), "Project Vault" зэрэг өндөр дээд түвшний санаачилгуудыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ашигт малтмалын нөөц ихтэй улс орнуудад анхаарлаа эрчимтэй хандуулж байна. Ийнхүү улс орнууд баялгийн сангаа үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн нөлөө, технологийн давуу талыг баталгаажуулах “төрийн стратегийн капитал" болгон ашиглаж эхэлж буй нь тодорхой боллоо.

ИДЭВХГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС СТРАТЕГИЙН "ТОГЛОЛТ" РУУ

Дэлхийн банкны тодорхойлсноор, Үндэсний баялгийн сан (Sovereign Wealth Fund) нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийх зорилготой, тусгаар улсын өмчлөлд байдаг хөрөнгө оруулалтын сан юм. Ийм сангууд ихэвчлэн 3 эх үүсвэрээс бүрддэг аж. Үүнд: түүхий эдийн экспортын орлого, гадаад валютын зах зээлийн интервенцийн ашиг, эсвэл улсын төсвийн илүүдэл орлого багтдаг.

Олон улсын валютын сангийн ангиллаар бол баялгийн сангуудыг тогтворжуулалтын сан, хуримтлалын сан, валютын нөөцийн хөрөнгө оруулалтын корпорац, хөгжлийн сан мөн тэтгэврийн нөөцийн сан гэж хуваадаг аж. ҮБС-ийн гол зорилго нь нэгдүгээрт, төсвийг тогтворжуулахад оршино. Хоёрдугаарт, эдийн засгийг төрөлжүүлэх. Байгалийн баялгийн орлогыг дотооддоо хэт төвлөрүүлбэл “Голланд өвчин"-д нэрвэгдэх аюултай тул гадаад зах зээлд тараан хөрөнгө оруулж, валютын нөөц бүрдүүлдэг. Гуравдугаарт, ирээдүй хойч үедээ шударга хуваарилах. Нөхөн сэргээгдэхгүй, хэзээ нэгэн өдөр шавхагдах нөөц баялгийг ирээдүй үеийн боломж болгон хувиргах бас нэг чухал зарчим энд үйлчилдэг.

Урьд өмнө нь баялгийн сангуудыг голчлон орлого хуримтлуулж, эрсдэл багатай санхүүгийн багцад хөрөнгө байршуулдаг "идэвхгүй хөрөнгө оруулагч” гэж үзэж байсан. Харин өдгөө геополитикийн эмзэг байдал, Аж үйлдвэрийн IV хувьсгал болон эрчим хүчний шилжилтийн заагт тулж ирсэн улс орнууд ирээдүйн хөгжлийн баталгаагаа хангахад ҮБС-ууд гол “тоглогч"-ийн үүргийг гүйцэтгэхээр байна. Өөрөөр хэлбэл, улс орнууд ирээдүйн эдийн засгийн байр сууриа өнөөдрөөс “худалдан авч" эхэлсэн. Ийнхүү дэлхийн тэргүүлэгч гүрнүүд баялгийн сангаар дамжуулан критикал минералын нөөцөө хэрхэн бүрдүүлж буйг дэлгэрэнгүй авч үзье.

КАНАД УЛС АНХНЫ ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГАА БАЙГУУЛЛАА

Канад улс анхны үндэсний баялгийн сан болох "Canada Strong Fund"-ийг саяхан /2026.04.27/ байгуулсан явдал нь анхаарал татаж байна. 25 тэрбум ам.долларын хөрөнгөтэй уг сангаар дамжуулан стратегийн төслүүд, тэр дундаа чухал ашигт малтмал, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг дэмжихээр төлөвлөжээ. Тус улсын Засгийн газрын мэдэгдэж буйгаар Канад улсын иргэн бүр уул уурхай, аж үйлдвэрлэлийн өгөөжөөс шууд хувь хүртэх боломжтой аж.

Үүнээс гадна, удаан хугацаанд тогтвортой уул уурхайн орон гэж тооцогдож ирсэн тус улсын Критикал минералын хөрөнгө оруулалтын санг (Canada Critical Miner- als Investment Fund) Канадын Байгалийн нөөцийн яам удирддаг. Тус сан нь критикал минералын төсөл болон компаниудад хувьцааны хөрөнгө оруулалт хийх, зээлийн баталгаа гаргах, урт хугацааны худалдан авах гэрээ байгуулах зорилготой. Төсвийн баримт бичгүүдэд дурдсанаар Байгалийн нөөцийн яаманд энэхүү санг байгуулахад зориулан 5 жилийн хугацаанд 50 сая канад долларын санхүүжилт олгохоор тусгасан гэж "OilPrice" мэдэгджээ.

Мөн "First and Last Mile Fund" нэртэй өөр нэгэн чухал хөрөнгө оруулалтын сан нь ойрын хугацаанд хэрэгжих критикал минералын төслүүдийг үйлдвэрлэлийн шатанд хурдан шилжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд хөшүүрэг болох аж. Энэхүү сан нь 2026-2027 оны санхүүгийн жилээс эхлэн 2030 он хүртэл жилд ойролцоогоор 372 сая канад долларын санхүүжилт авах аж.

АВСТРАЛИ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Ашигт малтмалын томоохон экспортлогч орнуудын нэг Австрали улс мөн л энэ чиглэлд бодлогын арга хэмжээ авч байна. Австралийн Засгийн газар 2025 оны 4 сард "Critical Minerals Strategic Reserve" буюу Критикал минералын стратегийн нөөц бүрдүүлэхээ мэдэгдсэн. Тус улсын Засгийн газар энэ оны улсын төсөвтөө нөөц бүрдүүлэхэд зориулан 1.2 тэрбум австрали долларын санхүүжилт хуваарилсан бөгөөд 2026 оны хоёрдугаар хагасаас үйл ажиллагаагаа эхлүүлэх тов гарчээ.

Энэхүү санаачилга нь илүү өргөн хүрээтэй аж үйлдвэрийн бодлогын нэг хэсэг. Өнгөрсөн оны 10 дугаар сард АНУ болон Австралийн тал Критикал минералын хүрээний хэлэлцээрт (Crit- ical Minerals Framework) гарын үсэг зурснаар талууд ГХЭ-ийн олон төсөлд хөрөнгө оруулахаар тохиролцсон байна.

Австрали улс түүхий хүдэр экспортлогч төдийгүй боловсруулалтын шатанд ч хөрөнгө оруулж, нэмүү өртгийн сүлжээг дотооддоо хөгжүүлнэ гэсэн байр суурьтай байна. Ингэснээр түнш орнуудтай хамтран нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг бууруулах стратеги баримталж байна.

САУДЫН АРАБ БОДЛОГЫН ШИЛЖИЛТ  ХИЙЖ БАЙНА

Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сан (PIF) нь 900 гаруй тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай гэдгээрээ дэлхийд тэргүүлэгч, хамгийн хүчтэй сангуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Үүний зэрэгцээ стратегийн ашигт малтмалын өрсөлдөөнд идэвхтэй оролцож эхэлснийг Ройтерс агентлаг мэдээлжээ. Уг сан дотооддоо уул уурхайн томоохон тоглогч "Ma'aden" компанитай стратегийн түншлэл байгуулсан бол олон улсад “Manara Minerals" хамтарсан компанийг байгуулсан. "Manara Minerals" нь 2024 онд уул уурхайн аварга Vale компанийн "Base Metals" нэгжийн 10%-ийг худалдан авч, өндөр агуулгатай зэсийн стратегийн ордуудад нэвтэрсэн нь салбарын анхаарлыг татсан томоохон хэлцэл болов. "Manara Minerals" компанийн захирал Жим Рутерфорд хэлэхдээ, "Стратегийн чухал ашигт малтмалын нөөцөд нэвтрэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал болоод байна. Ойрх Дорнодын орнууд газрын тосноос цааших ирээдүйг бодолцож шийдвэртэй алхам хийж байна" гэдгийг онцолсон.

Мөн дээрх сан ногоон үйлдвэрлэлийн сүлжээнд байр сууриа бэхжүүлэхийн тулд АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Lucid Motors"-д 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, гол хөрөнгө оруулагчдынх нь нэг болжээ. Хунтайж Мухаммед бин Салман зэс, литийн нийлүүлэлтийг баталгаажуулах нь газрын тосноос хамаарлаа бууруулах стратегийн салшгүй хэсэг гэдгийг мөн онцлов.

Тус улсын геологичдын үнэлгээгээр Саудын Арабд 2.5 их наяд ам.доллароор хэмжигдэх ашиглагдаагүй эрдэс баялгийн нөөц бий. Үүнд фосфат, алт, зэс, боксит, ГХЭ-үүд багтах аж. Үүнээс гадна, далайн гүнээс литий гарган авах судалгаа, хөгжүүлэлтийн ажилд хүртэл оролцож эхэлжээ. Саудын Арабын стратегийн гол зорилго нь нэг талаас уул уурхайг нефтийн хамаарлаас гаргах, нөгөө талаас критикал минералын нийлүүлэлтэд урт хугацааны нөлөөгөө бэхжүүлэхэд оршино.

АНЭУ БАЯЛГИЙН САНГАА 5 ТЭРБУМААР БҮРДҮҮЛНЭ

Арабын Нэгдсэн Эмират улс өөр хоорондоо ялгаатай хоёр том баялгийн санг удирддаг. Үүний нэг болох ADQ баялгийн сан нь АНУ- ын "Orion Resource Partners" компанитай хамтран 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий хамтарсан бүтцийг байгуулж, чухал ашигт малтмалын салбарт төвлөрөх болсон. Энэ хүрээнд 2025 онд талууд тус бүр 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэд цаашид 5 тэрбум ам.долларын зорилтот сан бүрдүүлж, литий, ГХЭ, зэс, уран зэрэг стратегийн ашигтт малтмалыг олборлох, боловсруулах төслүүдэд чиглүүлнэ. 

Энэхүү түншлэлийн үндсэн зорилго нь Хятадын монопол байр суурийг тогтоон барих явдал юм. ADQ сангийн энэ алхам нь баялгийн сангууд хөрөнгө оруулагч байхаас гадна холбоотон улс орнуудын хамтарсан стратегийн санхүүгийн хэрэгсэл болон ажиллаж буйн нэг баталгаа болжээ.  

Хоёрдугаарт, "Mubadala” буюу Абу Дабигийн стратегийн хөрөнгө оруулалтын гол сан сүүлийн жилүүдэд критикал минералын олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох болсон. 2026 оны эхээр л гэхэд тус сан чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг “итгэлт түншүүд”-ийн хүрээнд хамгаалах зорилготой, АНУ-ын “Pax Silica" санаачилгад нэгдсэн нь үүний тод жишээ. "Mubadala” зэрэг Персийн булангийн баялгийн сангууд зөвхөн хөрөнгө оруулагчийн үүргээр бус, дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн шинэ архитектурын нэг хэсэг болон хөгжиж буйг бид тод харж болно.

КАТАР КРИТИКАЛ МИНЕРАЛЫН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ

"Pax Silica" санаачилгын бас нэг гишүүн болох Катар улсын Хөрөнгө оруулалтын алба (QIA) нь 2005 онд байгуулагдсан ба ойролцоогоор 600 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг. Тус баялгийн сан чухал ашигт малтмалын салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дэлхийд  тэргүүлэгч уул уурхайн томоохон компани "Glencore"-ийн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг болжээ.

Үүгээр ч зогсохгүй уг баялгийн сан Канадын "Ivanhoe Mines” компанийн нийт хувьцааны 4%- ийг худалдан авсан бол 2025 онд АНУ-ын "Tech- Met" компанид 180 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан. "TechMet" нь литий, никель, кобальт, ГХЭ зэрэг батарейн металлуудад төвлөрсөн хөрөнгө оруулалтын компани юм.

КРИТИКАЛ МИНЕРАЛЫН ШИНЭ ЭРИН ҮЕ

Дээрх улс орнуудын жишээ ердөө л мөсөн уулын орой төдий. Критикал минералын төлөөх өрсөлдөөн дөнгөж л эхэлж байна гэхэд хилсдэхгүй. Геополитик болон зах зээлийн нөхцөл байдал илүү бүрхэг, тогтворгүй болсон өнөө цагт улс орнууд аливаа хямралыг хөнгөхөн даван туулах, илүү тэсвэртэй байхыг эрмэлзэж буй нь нууц биш. Энэ ч утгаараа дэвшилтэт технологи, батлан хамгаалах салбар, хиймэл оюун ухааны ирээдүйг бүхлээр нь шийдэх критикал минерал, ГХЭ-ийн нөөцөө бүрдүүлэх, байгалийн баялаг арвинтай бусад улстай хамтрах, томоохон компаниудад хөрөнгө оруулах давлагаа нэгэнт хүчээ авлаа. Ингэхдээ Үндэсний баялгийн сангаараа дамжуулан хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэх болжээ.

Энэхүү чиг хандлага цаашид ч улам гүнзгийрэх нь тодорхой. Нэгдүгээрт, илүү том хэмжээний баялгийн болон ашигт малтмалын сангууд байгуулагдана. Хоёрдугаарт, эрэлт нэмэгдэхийн хэрээр илүү олон орон критикал минералын нөөцөө бүрдүүлэхийг эрмэлзэнэ. Гуравдугаарт, баялгийн сангуудын хөрөнгө оруулалт нь дэд бүтэц болон технологийн шилжилттэй нягт Дөрөвдүгээрт, "Pax Silica" зэрэг уялдана. олон талт механизмаар дамжуулан Баялгийн сангийн хөрөнгийг хамтран удирдах, төвлөрүүлэх хандлага нэмэгдэнэ.