Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо (МБХ) 2026 оны 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд ээлжит хуралдаанаа хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэр нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг ирэх 2027 оноос эхлэн Төв банкны зорилтот түвшин болох 5 хувь (+/-2 нэгж хувь)-д авчирч тогтворжуулах зорилттой нийцэж байгааг Төв банкнаас онцолж байна.

Шатахуун болон хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалан жилийн инфляц 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 11.2 хувь, Улаанбаатар хотод 11.0 хувь хүрч эрчимжсэн байна. Гэхдээ суурь инфляц бага, уул уурхайн бус салбаруудын идэвхжил сул байгаа тул энэхүү өсөлтийг нийлүүлэлтийн шалтгаантай, түр зуурын шинжтэй гэж үзжээ.

Эдийн засаг 7.9 хувиар өслөө

2026 оны эхний улиралд эдийн засаг 7.9 хувиар өсөхөд уул уурхай болон тээврийн салбар гол жинг дарсан байна. Энэ онд ч уул уурхайн олборлолт, томоохон бүтээн байгуулалтууд өсөлтийг тэтгэх хүлээлттэй байна.

Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өндөр байгаа нь Монгол Улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөлж байна. Мөн гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давжээ. Харин Ойрх Дорнодын зөрчлөөс үүдэлтэй газрын тос, эрчим хүчний үнийн өсөлт нь дэлхий даяар инфляцын дарамт үүсгэж, бусад орнуудын өсөлтийг сааруулах төлөвтэй байна.

Жилийн инфляц дунд хугацаанд тогтворжих хүлээлттэй байгаа ч дараах эрсдэлүүд үүсвэл үнийн дарамт удаан үргэлжлэх магадлалтайг Монголбанк анхаарууллаа. 

Мөнгөний бодлогын хороо цаашид инфляцын өрнөл, гадаад, дотоод орчны өөрчлөлтийг харгалзан үзэж, бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх шийдвэрийг дараа дараагийн хурлаараа гаргах аж.

Монголбанк