
А.Халиун
Ерөнхий сайд Н.Учрал 5 дугаар сарын 11-ний өдөр стратегийн холбогдол бүхий ач малтмалын компаниудын ашигт орд эзэмшигч захирлуудыг Төрийн ордонд урин Засгийн газраас уул уурхайн салбарт хэрэгжих нэгэн шинэ хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажилдаа орсон тухайгаа танилцуулав. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж буй аж.
Стратегийн гэж бүртгэгдсэн 16 орд дээр 2007 оны УИХ-ын тогтоолоор нөөц нь тогтоогдсон 39 ордыг нэмж баталснаар "стратегийн ач холбогдол бүхий" гэх тодорхойлолтод одоогоор 55 ордыг хамруулан ойлгож байна. УИХ-ын 2024 оны 5 дугаар сард баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ордууд дээр тогтоох эрх зүйн орчин бүрдсэн боловч орд тус бүрийг эзэмшигч компанитай хэлэлцээр хийе гэвэл магад 55 жил болно гэж салбарын сайд Г.Дамдинням хэлжээ. Компани тус бүртэй хэлэлцээр хийвэл цаг алдана, УИХ, Засгийн газар үүнээс өөр ажил хийхгүй байх хэмжээний цаг хугацаа зарцуулах ажил болно. Тэгэхээр бүгдэд нь тэгш зарчмаар, нэгдсэн журмаар буюу энэхүү хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар харжээ.
Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал байр сууриа илэрхийлж, хуулийн төслийн гол агуулга, зохицуулалтаас товч танилцуулав.
Ерөнхий сайд, "Бизнесийн орчныг хүндрүүлэхгүйгээр олон жил хуримтлагдсан тодорхойгүй байдлыг нэг мөр шийдвэрлэж тогтвортой, ойлгомжтой, урьдчилан тооцоолох боломжтой эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байна. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүйгээс гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхгүйн дээр итгэл үнэмшил нь жил ирэх тусам буурч байна. Тиймээс стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг "Өнгөрсөн, одоо, ирээдүй үед тэгш хүртээмжтэй хуваарилах, газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмших" Монгол Улсын Үндсэн хуулийн суурьт зарчмын хүрээнд тогтоож, тодорхойгүй байдлаас ангижиръя. Асуудлаа нэг мөр шийдэж, ард түмний хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх энэ хуулийн төслийг УИХ-д ойрын үед яаралтай горимоор өргөн мэдүүлнэ. Компаниуд Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацаар дамжуулан, саналаа нэгтгэн Ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллана.
Хуулийн төсөлд,
-Стратегийн ордуудын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээнэ.
-Өгөөж 60 хувиас буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлнө.
-Төрийн эзэмшлийн хувь хэмжээ, ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулна. Тусгай АМНАТ-ийг жигд дүнгээр тогтоно гэх мэт гол зохицуулалтыг тусгана.
"Стратегийн орд эзэмшигч компаниуд өгөөжийн 60 хувийг өгөхөд бэлэн" гэдгээ Г.Занданшатар Ерөнхий сайдын үед илэрхийлж, санамж бичигт гарын үсэг зурсан юм билээ.
-Өгөөжийн 60 хувиас буурсан бол "Орано майнинг"-тай хийсэн гэрээтэй адилхан тохируулга хийе.
-Өнөөдөр мөрдөгдөж буй хуулиар 60 хувийн өгөөжид юу юу тооцогдох нь тодорхойгүй. Ямар татвар, төлбөр, хураамж нийлж өгөөжийн 60 хувьд хүрэхийг хуульчилж өгөөгүйгээс жишээлбэл, "Орано майнинг"-тай хэлэлцээр хийхэд ойлгомжгүй байсан. Тиймээс нэг тал нь 70 хувийн өгөөж өгсөн гэдэг. Нөгөө тал нь өгөөж 60 хувьд хүрэхгүй байна гэж ярьдаг. Тэгвэл энэ хуулиар 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татваруудыг оруулах талаар саналаа стратегийн орд эзэмшигч компаниуд төсөл боловсруулах Ажлын хэсэгт өгөхийг хүссэн. Хуулиар тодорхой болгох нэгдүгээр асуудал энэ.
Хоёрдугаарт, Тусгай АМНАТ-ийн хувь хэмжээг хуульчилна. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулж, Баялгийн санд шууд ордог болговол иргэдийн Хуримтлалын дансанд буй өнөөдрийн 306 мянган төгрөг өснө. Тусгай АМНАТ-ийг 3 хувиар орлуулбал Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансан дахь 306 мянга 500-600, 1 сая төгрөг болохоор байсан. Үүнийг шийдэх боломж энэ хууль батлагдвал нээгдэх юм.
Хуримтлалын санд ямар компани хэдэн төгрөгийн тусгай АМНАТ төлснийг харах боломжтой болно. Олон нийт компаниудын үр ашигтай ажиллахыг шаардана, компаниуд ч тогтвортой ажиллах орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Манай хөрөнгө оруулалтын орчин ийм тогтворгүй байхад гадна, дотны хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй. Тиймээс 60 хувийн өгөөжийг хуульчилъя. Харин тусгай АМНАТ дээр хэлэлцээр хийж, алт, зэс, нүүрсэн дээр тус бүр ямар байхыг тогтоод хуульчилбал стратегийн орд эзэмшигч бүхэнтэй хэлэлцээр хийх шаардлагагүй.
Хуулиа нэг мөр хэрэглээд, хамтдаа энэ асуудлын ард гарвал иргэд газрын хэвлийн баялгийн дийлэнхийг хүртэх Үндсэн хуулийн зарчим биелэгдэнэ.
Засгийн газар хувийн хэвшил, ААН-үүдээ дэмжиж, "Хож хож" гэсэн зарчмаар ажиллана. Энэ хуулиа баталж иргэд ч, компаниуд ч хожъё. Олон жил улс төржсөн попролоосоо салж, урагшаа харж ажиллая" гэв.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, "Ний нуугүй хэлэхэд уул уурхайн компаниуд бүгд 60 хувиас дээш татвар төлж байгаа. Энэ хуулиараа 60 хувь дээр тогтъё. Тэгэхгүй бол том орд нээгдэхгүй, том хөрөнгө оруулагч ч орж ирэхгүй байна. Хайгуул хийж байтал стратегийн орд болох магадлалтай хэмээн болгоомжлон ажлаа зогсоож байна. Ажлын хэсэг компаниудын саналыг авч, ойрын үед төслөө боловсруулъя. Ашигт малтмалын орд газрууд өөр өөр гэдгийг ойлгож байна. Төрийн бодлогоо тодорхой болгож, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулъя.
Ашигт малтмалын хуульд 12 жилийн дараа нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-д өргөн барилаа. Энэ төсөлд, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийн үйл ажиллагаанд садаа болбол Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах зохицуулалт тусгасан" гэлээ.
АҮЭБЯ болон стратегийн орд эзэмшигч ААН-үүдтэй хуулийн төсөл дээр хамтран ажиллахаар тогтов. Уулзалтын үеэр стратегийн орд эзэмшигч компанийн захирлуудын байр суурь, Засгийн газарт тавьсан саналыг хүргэж байна.

Г.БАТЦЭНГЭЛ: ЭНЭ БОЛ ХӨГЖЛИЙН АСУУДАЛД ТӨВЛӨРӨХ ГАРЦ
"Монголиан Майнинг Корпорэйшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, "Энержи Ресурс" компани Тавантолгойн бүлэг ордод зургаан лиценз эзэмшиж байгаад тавыг нь 2008 онд төрд буцааж өгсөн. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн гэж ойлгож байсан. Гэвч 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш улстөржилттэй холбоотой юу, энэ асуудал сөхөгдсөн. Гацааг арилгахын тулд бид хэлэлцээрт идэвхтэй оролцож байсан.
Компаниудыг ялгаварлахгүй, нийтлэг зарчмаар зохицуулах Ерөнхий сайдын энэ шийдвэрийг би зөв гэж харж байна. Энэ бол бидний анх тавьж байсан санал. Ингэж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин тодорхой болно.
Та хувьцаа эзэмшигч байсан ч зэс, нүүрс, алтны үнэ бага байвал ашиг олохгүй. Түүнтэй адилхан үнэ өсвөл ААН-үүд тодорхой хэмжээний рояалти төлөх боломжтой. Тусгай рояалти өсөн нэмэгдэх шинж, хэлбэртэй байна гэж зааж байгаа нь зөв. Ашигт малтмал тус бүрээр төрөлжсөн байх ёстой гэдгийг ч дэмжиж байна.
Өгөөж нь 50-60 хувьдаа хүрэхгүй тохиолдолд нэг удаагийн тохируулагч төлбөр хийгээд явбал маргаан гарахгүй байх.
Тусгай АМНАТ Хуримтлалын санд орно гэж заасан. Тохируулагч төлбөр хаашаа орохыг заагаагүй. Тохируулагч төлбөр ч гэсэн Хуримтлалын санд орно гэж тодотгох нь зүйтэй байх.
Стратегийн ордын өгөөжид бүх төрлийн татвар, хураамж орно. Тэр нь төсвөөр дамжиж иргэн бүрд очно гэсэн ойлголт манай салбарынханд байдаг.
Харин иргэдэд шууд очих зүйл нь тусгай АМНАТ. "Төр хувь эзэмшинэ, эзэмшихгүй" гэсэн эцэс төгсгөлгүй популизм, маргаан шийдэгдвэл ААН-үүд ч урдах ажлаа хийгээд явах боломж бүрдэнэ. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон уул уурхайн салбарыг тойрсон маргааныг эцэс болгож, хөгжлийн асуудалдаа төвлөрөх гарц гэж харж байна.
П.ЦАГААН: МАНАЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХААНА Ч, ХЭНТЭЙ Ч ЯРИА, ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ЧАДВАРТАЙ
"Ачит Ихт" ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Цагаан, Үндсэн хуульд байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээнэ гэж заасан. Өгөөжид татвар, төлбөр, хураамж, роялти орно. Бусад оронд "нийгмийн өгөөж" гэж тооцдог. Түүнд нь ажлын байр гэх мэт зүйлийг оруулах уу гэсэн асуулт байдаг.
Уул уурхайн олборлолтын дараа тухайн уурхайн технологид тохирохгүй, авч болохгүй тодорхой шалтгаантайгаар овоолго шороо болон бусад эрдэс баялаг үлддэг. Түүнийг дэвшилтэт технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор "үүсмэл орд" гэсэн ойлголт, нэр томъёо гарсан. Хууль эрх зүйн зохицуулалт бий болж, 40 гаруй компани үүсмэл орд ашиглах зөвшөөрөл аваад явж байтал 2022 онд зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Дараа нь сонгуулийн өмнө Ашигт малтмалын тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, төр үүсмэл ордын тодорхой хувийг эзэмшинэ гэж улстөржсөн. Жишээлбэл, зэс дээр АМНАТ 2.5 хувь байсан бол одоо 10 хувь болж байна.
Хуулийн төсөлд санаатай юм уу, санамсаргүй юу ялгавартай байдал харагдаж байна. Жишээ нь, Оюутолгойд 10 хувь, Эрдэнэтэд 15 хувь ч юм шиг ойлгомжгүй зохицуулалт харагдаж байгааг салбарын Г.Дамдинням сайд анхааралдаа авна уу. Ингэж байршлаар нь ялгах биш, адилхан болговол зүгээр байна.
Манайх баяжуулах үйлдвэр биш. Байгальд ээлтэй гидро металлургийн аргаар эцсийн бүтээгдэхүүн гаргаж буй боловсруулах үйлдвэр юм. Тусгай зөвшөөрөлгүй, гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Тэгсэн хэр нь АМНАТ авна гэдэг. Төр АМНАТ авна гэж байгаа бол хуучнаар нь тусгай зөвшөөрөл өгдөг болох хэрэгтэй байна.
Үйл ажиллагаа явуулах гэрээгээ байгуулах гэж маш их цаг алддаг. Зөвшөөрлийг хүнд сурталгүйгээр олгодог болмоор байна.
Манайд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн нөхцөл хүнд байгааг Ерөнхий сайд ч хэлж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид алдаж оносоор, манай бизнес эрхэлж буй хүмүүс дэлхийн хаана ч, хэнтэй ч яриа, хэлэлцээр хийх чадвартай болсон. Бид 1990-ээд онд ямар гэнэн байв, одоо байдал огт өөр болсон. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр үндэснийхээ бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөнгөн шуурхай ажиллавал заавал гадныхныг царайчлахгүй өөрсдөө салбараа аваад явах боломжтой болсон.
Н.ЦЭЛМҮҮН: КОМПАНИЙН АШИГТ АЖИЛЛАГАА 60%-Д ХҮРЭХГҮЙ БОЛ ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗОГСОНО
"Монголын Алт" MAK ХХК-ийн Ерөнхийлөгч, Бодлогын Зөвлөлийн гишүүн Н.Цэлмүүн, Стратегийн орд газрын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд эх үүсвэр оруулах зорилготой гэж би ойлгож байна. Энэ зорилгыг дэмжинэ. Манай компани сүүлийн 15 жилд 15 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүллээ.
Ногдол ашиг тараах бол Хуримтлалын сан дахь иргэдийн дансанд байршуулна.
Норвегийн Баялгийн санг харахад АМНАТ нь 100 хувь Хуримтлалын сандаа ордог. Харин манай улс төсөвт оруулж, зарцуулалт хийж байгаа учир өнөөдрийн улстөржилт, попролын суурь шалтгаан болж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, сүүлийн 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд Үндсэн хуулийн дагуу тэгш, шударга дийлэнхээс дээш хэмжээний өгөөжийг Улсын төсөвт татвар хэлбэрээр төлж ирсэн. "Тэгш" гэдэг ойлголтыг би 50:50 юм болов уу гэж бодож байна. 60:40 нь тэгш мөн үү, өөр томъёолол байх юм болов уу.
Ta өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатарын дэвшүүлсэн 60 хувийн өгөөж авах хувилбарыг хуульчилъя гэж байна. Уул уурхайн салбарын уул геологийн нөхцөл, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ нь өөр. Ашигт ажиллагаа нь ч ялгаатай. Тэгэхээр тэдгээрээс хэд нь ашигт ажиллагаа 60 хувь хүрэх вэ гэдэгт анализ дүгнэлт хийх нь зөв байх. 60 хувьд хүрэхгүй бол тухайн төсөл ашиггүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг зогсооно гэсэн үг. Хуулиараа 60 хүртэлх хувийн өгөөжийг улсад өгнө. Тэгэхээр стратегийн 55 ордын хэд нь үйл ажиллагаагаа явуулж чадах юм бэ.
ААН-үүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах сонирхол байгаа байх. Тэгэхээр нийт татварын хувь хэмжээг харах нь зүйтэй. Энэ талаас нь харвал манайх өндөр татвартай улс, дунджаар 80 хувь. Гадны хөрөнгө оруулагчдыг татъя гэж байгаа бол 60 хувийн өгөөжийг өгөөд оршин тогтнох боломжгүй гэж харж байна.
Манай компани Засгийн газартай хэлэлцээрт ороход бэлэн. Энэ сонирхлоо илэрхийлж өнгөрсөн хугацаанд 9 удаа захидал хүргүүлсэн ч шийдтэй хариу ирээгүй өнөөг хүрч байна.
3.НОМУНДАРЬ: БИ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН, УЛСТАЙГАА ОЛОН УЛСАД ШҮҮХДЭХ СОНИРХОЛ БАЙХГҮЙ
"Адамс Майнинг" ХХК-ийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал 3.Номундарь, Манайх ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид 2001 оноос хайгуулын ажил эхэлсэн. 2005 оноос Япон улсын Засгийн газартай хамтарч 100 гаруй төсөлд хайгуулын ажил хийсэн. Хууль өөрчлөгдөж, ялангуяа стратегийн орд газрын 34-51 хувийг төр эзэмшинэ гэсэн шийдвэрээс болж хайгуулын ажлууд зогссон. Бид дангаараа ч хайгуул хийж байсан.
"Манайхыг Дорнодын Мардайн ордод тусгай зөвшөөрөл эзэмшдэг" гэж харуулдаг. Үнэндээ ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваагүй 11 жил хүлээж байна. 2015 онд хайгуул хийж, нөөцөө батлуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн. Гэвч шийдвэрлэдэггүй. Тусгай зөвшөөрөлтэй талбайнхаа тодорхой хэсэгт ашиглалт, тодорхой хэсэгт нь хайгуулын нэмэлт шиже хийх төлөвлөгөөтэй байсан. Тиймээс компанийн үйл ажиллагааг 11 жил царцаасан байдалтай байна.
Хөрөнгө оруулагч тал олон улсын шүүхэд хандах тухай ярьдаг. Би компанийнхаа 50.2 хувийг эзэмшдэг, Монгол Улсын иргэн.
Улстайгаа олон улсад шүүхдэх сонирхол байхгүй. Аль болох ойлголцож, асуудлаа шийдвэрлэе гэсэн байр сууринаас хандаж ирсэн. Сүүлдээ үнэхээр тэсэхэд хүнд болж байна.
Манай компани гадаадын хөрөнгө оруулагч олон компанитай харилцдаг. Том төсөл дээр дотоодын компани дангаараа ороход хүндрэлтэй. Тиймээс 60 хувийн өгөөжийг тодорхой болгохгүй бол гадны компаниуд орж ирэхгүй байх шалтгаан болно.
Д.НАЦАГДОРЖ: AMHAT 30-40% БАЙХАД НҮҮРСНИЙ УУРХАЙНУУД ОРШИН ТОГТНОХ БОЛОМЖГҮЙ
"SouthGobi Sands" ХХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер Д.Нацагдорж,
Манай компани Хонконг, Торонтогийн хөрөнгийн биржид нээлттэй хувьцаа арилжаалдаг. Ашигт малтмалын тухай хуульд "Төр оруулсан хөрөнгө оруулалтдаа үндэслэн 34 хүртэлх хувийг төр нэг удаа үнэ төлбөргүй эзэмшинэ" гэсэн заалт бий. Энэ заалтыг бид Хонконг, Торонтогийн хөрөнгийн бирж дэх хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулсан. Хууль тогтоомжийн өөрчлөлтийг бид хөрөнгө оруулагчдадаа танилцуулдаг. Хуулийн өөрчлөлт нь хүлээн зөвшөөрөгдөхүйц, тайлбарлагдахуйц байх хэрэгтэй болов уу.
Хоёрт, Эдийн засгаа авч яваа уул уурхайн салбарт томоохон дайралт хийх нь. Тогтвортой, үр өгөөжтэй байх бодлого баримтлахгүй бол уул уурхайгаа татаж унаган, улс орны эдийн засаг элгээрээ хэвтэх вий гэсэн эрсдэл талаас нь харж үзээсэй гэсэн саналтай байна.
Гуравт, АМНАТ-ийг Сангийн яамнаас тогтоосон жишиг үнээр тооцож авдаг. Гэтэл Сангийн яамнаас тогтоосон жишиг үнээр уурхайнууд бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй. Уурхайгаас гарч буй нүүрс Монгол Улсын хэмжээнд нэг ангилалтай.
Хятад улсад нүүрсний стандартыг маш нарийн мөрддөг. Стандарт бүрээр тохируулга хийж, үнийг тогтоодог. Манай улс энэ тохируулгыг авч үздэггүй. Бид энэ эрсдэлийг даван туулах гэж биржийн арилжаанд орж үзсэн. Биржээр нүүрс авахгүй юм билээ. Ийм учраас бид уламжлалт харилцагч нартаа нүүрс зарж байна.
Магадгүй АМНАТ ирээдүйд хэдэн хувь ч болж өсөж мэднэ. Энэ бол том эрсдэл. Ийм үед нүүрсний уурхайнууд хаалгаа барихаас өөр сонголтгүй болно. Цаана нь өөр олон татвар байгаа шүү дээ. Үүнийг шийдвэр гаргагч нар бодолцож үзэхийг хүсэж байна.
Д.ЦЭРЭНБАДАМ: СТРАТЕГИЙН ОРДОД ЯМАР АГУУЛГАТАЙ ОРДЫГ ХАМРУУЛАХАА ТООЦОЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ
"Бороо Гоулд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Цэрэнбадам, Стратегийн ордын АМНАТ, өсөн нэмэгдэх роялтийн талаарх Ерөнхий сайдын байр суурийг манай компани дэмжинэ. "Бороо Гоулд" компани 1997 онд байгуулагдаж, 29 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
2003-2013 онд эдийн засгийн үр ашигтай нөөцөө авч дууссан. Өнөөдөр ажиллаж байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр, дэлхийн зах зээлд алтны үнэ өссөн. Тухайн үед олборлосон 3.2 гр тоннын дундаж агуулгатай хүдэр боловсруулж байсан. "CUT-OFF" нь 1.2 гр тонн байсан. Алтны үнэ өссөн учир СuT-OFF-оос доош хэмжээний хүдрээ олборлож, ханаа мэрээд амьдарч байна.
Манай компани 704 хүнтэй, гадаадын нэг ч мэргэжилтэнгүй. Хоёр аймгийн гурван сумын нутгийг дамнан үйл ажиллагаа явуулж байна. Алтны үнэ унавал манайх оршин тогтнох боломжгүй болно. Үүнийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөн сайн мэдэж байгаа.
УИХ-ын 2007 оны тогтоолоор манай компани стратегийн орд эзэмшигчийн жагсаалтад хамрагдсан. Стратегийн ордод ямар агуулгатай ордыг хамруулах вэ гэдгээ тооцож үзээч гэсэн санал хэлмээр байна.
Хоёрдугаарт, Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Сентерра гоулд Монголиа" гэж компани байсан. Энэ компани Гацууртын орд гэж бэлэн болсон ордыг нээж илрүүлсэн. Бороо Гоулд жилд 1.7 сая тонн хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадалтай гэж тооцвол энэ ордоос 15 жил тасралтгүй ажиллах нөөц бололцоотой.
Яагаад "Сентерра гоулд"-ын тухай яриад байна вэ гэхээр энэ хоёр тусдаа компани. Бороо гоулдын хувьд үйлдвэртэй, боловсон хүчинтэй, гэвч хүдрийн нөөцгүй болсон. Тиймээс хүдэр худалдаж авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан.
АҮЭБЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Экологийн цагдаагийн газарт мэдэгдэж үйл ажиллагаа явуулдаг.
Засгийн газар стратегийн орд газар болон Баялгийн санг арвижуулах талаар ярьж байгаа энэ үед бэлэн болсон төсөл болох Гацууртын ордын асуудалд Ерөнхий сайд та анхаарал хандуулж, судалж үзээсэй гэж хүсье. Үйлдвэрлэл явуулахад 6-9 сарын уулын ажил шаардлагатай.
Бороогийн уурхай түүхэндээ улсын төсөвт 2.5 их наяд төгрөгийн өгөөж оруулсан. Боловсруулах, баяжуулах үйлдвэр ялгаатай. Улсдаа нэмүү өртөг бүтээдэг үйлдвэрийг дэмжээсэй гэж хүсэж байна.