Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

КАНАД, ЯПОН УЛСУУД ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫГ ХАМТРАН НӨӨЦЛӨХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Т.Бямбанаран

Япон улс чухал ашигт малтмалын нийлүүлэлтээ төрөлжүүлж, БНХАУ-аас хараат байдлаа бууруулахыг зорьж буй энэ үед хоёр улс уул уурхайн хэд хэдэн төсөл, тэр дундаа түүхий эдийг хамтран нөөцлөх боломжийн талаар ажиллаж байгааг Канадын Худалдааны сайд "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. 

Оттава болон Токиогийн талууд уул уурхайн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн урьдчилан худалдан авах гэрээ (off-take agreement) байгуулах, түүнчлэн бал чулуу, галли зэрэг ашигт малтмалыг хамтран нөөцлөх зэрэг хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцээ хийж байгааг Канадын Олон улсын худалдааны сайд Маниндер Сидху ярилцлагадаа дурджээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн “Бид Япон улсад чухал ашигт малтмалын салбарт Канадтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах бүхий л боломж, гарцыг санал болгож байна” хэмээн тодотгосон байна. 

Тэрбээр энэхүү түншлэлийн бэлэн жишээ болгож, цэнэг хураагуурын гол түүхий эд болох бал чулууг худалдан авах талаар Канадын "Нуво Монд Графит" (Nouveau Monde Graphite) болон Японы "Панасоник" компаниудын хооронд байгуулсан урьдчилан худалдан авах гэрээг онцолсон байна. 

Сайд М.Сидху өдгөө Канадын худалдааны төлөөлөгчдийг ахлан Токиод ажиллаж байгаа бөгөөд уг бүрэлдэхүүнд тус улсын 180 орчим аж ахуйн нэгж, байгууллагын ойролцоогоор 300 төлөөлөгч багтжээ. Энэ нь Хойд Америкийн тус улсаас Ази-Номхон далайн бүс нутагт илгээж буй түүхэн дэх хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй худалдааны төлөөлөгчдийн баг болж байна. 

Япон улс барууны орнуудын засгийн газар, үйлдвэрлэгчдийн нэгэн адил дэлхийн газрын ховор элементийн олборлолт, нийлүүлэлтийн зах зээлийг ганцаар ноёрхож буй Хятад улсаас хараат байдлаа бууруулахын тулд эдгээр ашигт малтмалын хангамжаа найдвартай баталгаажуулахыг зорьсоор ирсэн. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын тал Японы зэвсэгт хүчнийг хангадаг гэх үндэслэлээр тус улсын 20 аж ахуйн нэгжид иргэний болон цэргийн "давхар зориулалттай" бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон билээ. Энэхүү хориг арга хэмжээний өмнөхөн нь Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Хятад улс ардчилсан засаглалтай Тайвань руу халдсан тохиолдолд Токио зүгээр суухгүй хэмээн мэдэгдэж, Бээжингийн дургүйцлийг төрүүлээд байсан юм.

Сайд М.Сидхугийн Японд хийж буй энэхүү айлчлал нь зөвхөн ашигт малтмалаар хязгаарлагдахгүй, эрчим хүчний салбарын илүү өргөн хүрээний хамтын ажиллагаанд чиглэж байна. Түүний одоогийн байдлаар уулзалт хийгээд буй томоохон аж ахуйн нэгжүүдийн дунд "Мицубиши" корпорац багтсан бөгөөд тус корпорац нь Канадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их сонирхолтой байгааг тэрбээр тэмдэглэв.

"Мицубиши" корпорац нь Британийн Колумби мужийн Китимат хотод хэрэгжиж буй "LNG Canada" төслийн гол хөрөнгө оруулагч юм. Энэхүү төсөл нь Номхон далайн эрэг рүү шууд гарцтай, Хойд Америк дахь шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) анхны томоохон үйлдвэр, дэд бүтэц болж буйгаараа онцлогтой. 

Эх сурвалж: mining.com