Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

MISSIONZERO Стратеги FLS-ийн хувьцааг үнэ цэнтэй болгов 

О.Дөлгөөн

Ногоон шилжилтийг түүчээлэх зэсийн эрэлт 2050 он гэхэд 350%-иар өсөх хүлээлттэй байгаа ч тус салбарын нийт үйлдвэрлэлийн хагасаас илүү хувь нь өдгөө усны туйлын хомсдолтой бүс нутагт гацаад байна. Өсөн нэмэгдэж буй эрэлтийг байгаль орчинд ээлтэй аргаар хангах боломжийг олгох шинэлэг туршлагуудыг нэвтрүүлэх шаардлагатайг харуулж байна. Өөрөөр хэлбэл, уурхайнууд олборлолтоо хэд дахин өсгөх шаардлагатай атлаа ус болон эрчим хүчний хэрэглээгээ хуучин хэвээр нь үлдээж болохгүй уулзвар дээр ирээд байна. 

Уул уурхай, баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны урсгал зардлын бүтцийг харахад эрчим хүчний хэрэглээ болон усны менежмент хамгийн өндөр жин дардаг. Түүнчлэн олон улсын зах зээл дээрх байгаль орчин, засаглалын шалгуурууд болон хүлэмжийн хийн шууд ба шууд бус ялгарлын стандартууд нь уурхайнуудын санхүүжилт, цаашлаад ашигт ажиллагаанд нөлөө үзүүлэх болов. 

FLS нь эдгээр шийдвэрлэх сорилтуудыг “MissionZero” тогтвортой хөгжлийн хөтөлбөрөөрөө дамжуулан шийдвэрлэж байна. Тус хөтөлбөр нь 2030 он гэхэд уул уурхайн үйлдвэрлэлийг ямар ч хаягдалгүй, хүлэмжийн хийн ялгаралгүйгээр ажиллуулах боломжтой шийдлүүдийг нэвтрүүлэхийг зорьж байна. 

Баяжуулах үйлдвэрийн нийт эрчим хүчний хэрэглээний 50-80 хувь нь зөвхөн хүдэр бэлтгэл, нунтаглалтын шатанд зарцуулагддаг бөгөөд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 3 хувийг энэ процесс дангаараа залгиж байдаг.  

Уламжлалт хагас өөрөө бутлах болон бөмбөлөгт тээрмийн систем нь механик үрэлт, дулааны алдагдал ихтэй тул ашигт үйлийн коэффициент багатай байдаг сорилттой. 

FLS үүнийг өөрчлөхийн тулд чулууг ган бөмбөлгүүдээр цохиж бутлах аргыг халж, өндөр даралтаар хүдрийг хооронд нь шахаж буталдаг өндөр даралтат булт бутлуур (HPGR)-ыг санал болгож байна. Энэхүү шийдэл нь уламжлалт тээрэмтэй харьцуулахад хувийн эрчим хүчний зарцуулалтыг 30-аас 50 хувь хүртэл шууд бууруулдаг төдийгүй хүдэрт бичил ан цав үүсгэдэг тул даралтын дараагийн шатны баяжуулалтын металл авалтыг нэмэгдүүлдэг давуу талтай. Мөн хүдрийг өндөр хурдаар шидэж, өөр хооронд нь мөргөлдүүлэх зарчмаар ажилладаг босоо амны цохилтот бутлуурыг хослуулснаар ган эд ангиудын элэгдэл, хорогдлын урсгал зардлыг үлэмж хэмжээгээр танадаг. 

Хүдэр бэлтгэлийн хэлхээнд хагас өөрөө бутлах тээрмийг шат дараатай хасаж, өндөр даралтаар бутлах бутлуурны технологид шилжүүлснээр үйлдвэрийн нийт цахилгааны зардлыг хамгийн багадаа 40 хувиар бууруулах техник, эдийн засгийн үндэслэл бүрдэж байна. 

Усгүй уул уурхайн процесс руу: Хаягдлын хуурай овоолго (DST) 

Үүнээс гадна уул уурхайн үйлдвэрлэлийн, ялангуяа усны хомсдолтой бүс нутаг дахь хамгийн эмзэг цэг бол хаягдлын менежмент байдаг. Уламжлалт уурхайн хаягдлын далангууд нь сая сая шоо метр усыг ил ууршуулан ус зарцуулалт өндөртэй төдийгүй гүний ус бохирдуулах, далан нурах гео-техникийн асар өндөр эрсдэл дагуулдаг нь нэмэлт ус татах урсгал зардал болон байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зардлыг өсгөдөг сөрөг талтай. 

FLS компанийн EcoTail систем нь тус асуудлыг хуурай хаягдал руу шилжүүлэх замаар бүрэн шийдвэрлэсэн бөгөөд хаягдал шаврыг маш өндөр даралтаар шахаж, чийглэгийн хэмжээг 15 хувиас бага болтол нь шүүдэг. Үүний үр дүнд технологийн усны 95 хувь хүртэлх хэмжээг баяжуулах үйлдвэрийн битүү циклд шууд буцаан оруулж, шүүгдсэн хуурай хаягдлыг конвейероор зөөж аюулгүйгээр овоолно. Энэ нь уламжлалт далан барих, түүнийг өргөтгөхөд зарцуулагддаг асар өндөр хөрөнгө оруулалтын зардлыг тэг болгохын зэрэгцээ үйлдвэрийн нэг тонн хүдэрт ногдох цэвэр усны хэрэглээг дэлхийн хамгийн доод түвшинд хүргэж байна. 

Үүний тод жишээ бол тэдний боловсруулсан хаягдлын хуурай овоолгын шийдэл (Dry-stack tailings буюу DST) юм. DST технологийг ашигласнаар үйлдвэрлэлийн явцад хэрэглэсэн усны 95 хүртэлх хувийг эргүүлэн шүүж авч чаддаг. Энэ нь асар их хэмжээний хүдэр боловсруулдаг том үйлдвэрүүдийн хувьд ч далайн усыг давсгүйжүүлж ашиглах зэрэг өндөр өртөгтэй бусад аргуудтай эдийн засгийн хувьд бүрэн өрсөлдөхүйц, хэмнэлттэй шийдэл болж чадаж байна. 

MICROSOFT-той түншлэл байгуулав 

Ухаалаг хяналтын систем (Microsoft Cloud for Sustainability): FLS нь Microsoft-ийн үүлэн технологи болон хиймэл оюун ухааныг (AI) ашиглан үйлдвэрийн дамжлага бүрийн эрчим хүч, усны хэрэглээ, нүүрстөрөгчийн ялгарлыг секунд тутамд хэмжиж, дата цуглуулж байна. 

Юмсын интернэт (IoT) болон тоон ихэр (Digital Twins) технологиудын тусламжтайгаар тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг алсаас оновчтой болгож, ямар нэгэн эвдрэл, урсгал зардлыг гарахаас нь өмнө урьдчилан тааварлаж байна. Үүний үр дүнд захиалагчид үйл ажиллагааны зардлаа шууд хэмнэхээс гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөө бодитоор хянах боломжтой болжээ. 

Хөрөнгө оруулагчид “MISSIONZERO”-ийг хэрхэн харж байна вэ? 

“MissionZero” стратеги амжилттай хэрэгжиж байгаагийн хамгийн том баталгаа бол захиалагчид FLS-д дахин дахин итгэл хүлээлгэж, давтан гэрээ (repeat contracts) байгуулсаар байгаа явдал юм. 

2023 оны 6 дугаар сард Австралийн уул уурхайн томоохон компани болох Northern Star Resources өөрийн алдарт “алтан миль” (Golden Mile) бүсэд байрлах KCGM алтны уурхайн өргөтгөлийн төсөлдөө зориулж FLS компанид 515 сая дани крон (ойролцоогоор 75.1 сая ам.доллар)-ын өртөгтэй тоног төхөөрөмжийн захиалга өгчээ.  

Энэхүү гэрээний дагуу FLS нь уурхайн эрчим хүчний хэрэглээг асар ихээр бууруулах “MissionZero” ангиллын тоног төхөөрөмжүүдийг (үүнд: хагас өөрөө нунтаглах SAG тээрэм, бөмбөлөгт тээрэм, анхдагч бутлуур, флотацийн машинууд, өтгөрүүлэгч) нийлүүлж байна. Үүн дотор багтаж буй 20 МВт-ын хүчин чадалтай араатай тээрмүүд нь дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай, хамгийн том (8.5 метрийн диаметртэй) араат тээрэм болох бөгөөд уул уурхайн түүхэнд нэгэн шинэ дээд амжилтыг тогтоож байгаа юм. 

Сүүлийн үеийн зах зээлийн шинжилгээнээс үзэхэд уул уурхайн компаниуд тоног төхөөрөмж сонгохдоо эрчим хүчний хэмнэлт, усны хэрэглээ болон байгаль орчны нөлөөллийг хамгийн түрүүнд тавьдаг болсон нь FLS-ийн захиалгын багцыг зузаатгасаар байна. 

Мөн энэ оны 5 дугаар сард тэд өмнөд азийн бүс нутагт хэрэгжих төмрийн хүдрийн нэгэн төрөл болох BHQ (Banded Hematite Quartzite) баяжуулах томоохон төсөлд зориулж салбартаа тэргүүлэх технологиудыг нийлүүлэх 300 сая дани кроны (ойролцоогоор 43.5 сая ам.доллар) өртөгтэй дараалсан томоохон гэрээнүүдийг үзэглэлээ. Энэхүү гэрээний хүрээнд тус компани дэлхийн хамгийн том өндөр даралтат бутлуур (HPGR) болон 9 ширхэг дэлхийн хамгийн том нарийн нунтаглалтын тээрэм, мөн дэлхийн хамгийн том хуурай хаягдлын шүүлтүүрийн системийг нийлүүлэхээр болсон бөгөөд төслийг 2027-2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Санхүүгийн нөлөө бүхий Simply Wall St платформын шинжээчдийн дүгнэлтээр “MissionZero” чиглэлийн захиалгууд ийнхүү тасралтгүй нэмэгдэж байгаа нь FLS (CPSE:FLS) компанийн хувьцааг хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд авчирлаа. Зах зээл дээрх хөрөнгө оруулагчид FLS-ийн ирээдүйн “ногоон технологийн” захиалгууд болон “MissionZero”-ийн урт хугацааны ашигт ажиллагаанд маш өндөр хүлээлттэй, итгэлтэй байна. 

Уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлж буй шинэ төслүүдийн нэн тэргүүний зорилт нь эрчим хүч болон усны хэмнэлт болсон. FLS компани “MissionZero” хөтөлбөрөөрөө уул уурхайн компаниудад байгаль орчны хатуу зохицуулалтыг давах зэвсэг өгөөд зогсохгүй, өөрсдөө хөрөнгө оруулагчдын урт хугацаанд итгэж болох үнэ цэнтэй хувьцаа, тогтвортой бизнесийн экосистемийг бүтээж чаджээ.