Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зимбабве БНХАУ-тай уул уурхайн салбарт хамтран ажиллаж, дэд бүтцээ санхүүжүүлнэ

Ч.Сансар

Зимбабве улс авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбараа санхүүжүүлэхийн тулд байгалийн баялгаа ашиглан Хятадтай хамтран ажиллах боломжийг судалж байна гэж Сангийн сайд Мтули Нкубе Лхагва гарагт мэдэгдлээ.

Зимбабве нь Африк тивийн хамгийн том литийн үйлдвэрлэгч бөгөөд ашигт малтмалын асар их нөөцтэй. Гэвч эдийн засгийн буруу бодлого, улс төрийн тогтворгүй байдлын улмаас тус улсын дэд бүтэц хөгжиж чадахгүй байна. Зимбабве улс тээвэр, логистикийн сүлжээгээ шинэчлэхэд ойролцоогоор 34 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай гэж Африкийн Хөгжлийн банкны тооцоолжээ.

Сайд Нкубе, Зимбабвегийн Засгийн газар Далян хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр China Railway компанитай санхүүжилтийн асуудлаар ярьж эхэлсэн гэжээ.

Хэрэв талууд тохиролцоонд хүрч чадвал, Зимбабве дэд бүтцийн төслүүддээ зориулж авсан зээлээ төлөхөд эрдэс баялгаас ирээдүйд олох орлогоо зарцуулах юм байна.

Зимбабвегийн хуучирч, муудсан төмөр замын сүлжээ нь ашигт малтмал тээвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс төмөр замыг шинэчлэх нь тус улсын уул уурхайн салбарт ноёрхдог Хятадын компаниудын хувьд ч ашигтай юм.

Энэ нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Хятадын компаниудтай байгуулсан 7 тэрбум ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гэрээтэй төстэй юм. Уг төслийг Sicomines зэс, кобальтын хамтарсан үйлдвэрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа.

Үүнээс гадна Сангийн сайд, Зимбабве улс 2027 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болох литийн баяжмалын экспортын хоригийг хойшлуулахгүй гэж мэдэгдлээ.

2021 оноос хойш Хятадын компаниуд Зимбабвегийн литийн салбарт 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр Бээжин цахилгаан автомашины батарейн гол түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөгөө улам бэхжүүллээ.

Зимбабвегийн Засгийн газар уул уурхайн компаниудад литийг дотооддоо боловсруулах шаардлага тавьж байна. Саяхан Zhejiang Huayou Cobalt компанийн барьж ашиглалтад оруулсан литийн сульфатын үйлдвэр болон Sinomine компанийн Bikita уурхайд баригдаж буй шинэ үйлдвэрт литийн баяжмалыг боловсруулах боломжтой аж.

Эх сурвалж: Ройтерс агентлаг