Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Эрдэнэ Ресурс Девелопмент" компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авч эхэллээ

О.Дөлгөөн

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци" (TSX:ERD; MSE:ERDN) компанийн зарласан хувьцаагаа эргүүлэн худалдан авах ердийн хөтөлбөр (NCIB) өнөөдрөөс (2026.06.30) албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд компани зах зээлээс 4.9 сая хүртэлх ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдан авч, улмаар цуцлахаар төлөвлөж байгаа юм. Энэ нь олон нийтийн эзэмшилд байгаа нийт хувьцааны ойролцоогоор 10 хувьтай тэнцэж байна.

Хөтөлбөр өнөөдрөөс эхлэн бүтэн нэг жилийн хугацаанд буюу 2027 оны 6 дугаар сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Хэрэв заасан тооны хувьцааг хугацаанаас нь өмнө худалдаж авч дуусвал хөтөлбөр тухайн үедээ хаагдана.

Худалдан авалтыг Торонтогийн хөрөнгийн бирж (TSX) болон Канадын бусад арилжааны системүүдээр дамжуулан тухайн үеийн зах зээлийн ханшаар хийнэ. Худалдан авсан бүх хувьцааг компанийн санд буцаан төвлөрүүлж, цуцлах аж.

Биржийн журмын дагуу нэг өдөрт худалдан авах хувьцааны дээд хэмжээ 41,011 ширхэг (өдрийн дундаж арилжааны 25%) байх юм.

Яагаад хувьцаагаа эргүүлэн авч байна вэ?

"Эрдэнэ Ресурс" компанийн удирдлагын зүгээс компанийн санхүүгийн үзүүлэлт болон ирээдүйн төлөв баталгаатай байгаа хэдий ч зах зээл дээрх хувьцааны ханш нь бодит үнэлгээнээсээ доогуур байна гэж үзжээ. Тиймээс бэлэн мөнгөний капиталыг өөрийн хувьцааг худалдан авахад зарцуулах нь хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хамгийн үр ашигтай алхам гэж тодорхойлсон байна.

Компани нь заавал тодорхой тооны хувьцаа худалдаж авах хатуу үүрэг хүлээгээгүй бөгөөд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан хөтөлбөрийг хэдийд ч түр зогсоох эрхтэй. Тус компанийн хувьд энэ нь анх удаа хэрэгжүүлж буй хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр бөгөөд сүүлийн 12 сарын хугацаанд өөрийн хувьцаанаас худалдан авалт хийгээгүй байжээ.

Эх сурвалж: Erdene Resource Development, NewsPress