Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Г. Дамдинням сайд "Рио Тинто"-гийн ТУЗ-ийн даргатай уулзаж, Оюу толгойн ногдол ашгийг 2026 оны намарт багтаан олгох байр сууриа илэрхийллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр (2026.06.30) "Рио Тинто" компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзан, "Оюу толгой" төслийн цаашдын явц, үр ашгийн талаар чухал санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Сайд Г.Дамдинням Оюу толгой төслийн менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулсныг тэмдэглэв. Тэрбээр Монголын талын байр суурийг илэрхийлэхдээ төслийн зээлийн хүүг бууруулах, мөн Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх ногдол ашгийг 2026 оны намарт багтаан олгож эхлэх шаардлагатайг онцолсон юм.

Сайд Г.Дамдинням Оюу толгойн хэлэлцээрийн эцсийн үр дүн Монголын ард түмэнд заавал бодитой, мэдэгдэхүйц үр ашгаа өгөх ёстойг тэмдэглэлээ.

Доминик Бартон: Харилцан итгэлцэл чухал бөгөөд хамтран ажиллах бусад орон зай бий

"Рио Тинто" компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулсанд сайд Г.Дамдиннямд талархал илэрхийлэв. Тэрбээр "Рио Тинто" компани Монголын ард түмнийг гүнээ хүндэтгэж байгааг дурдаад, талууд харилцан ашигтай хамтран ажиллахад харилцан итгэлцэл нэн чухал гэдгийг онцолсон юм.

Мөн төслийг Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгахын тулд зөвхөн зээлийн хүүг бууруулахаас гадна бусад олон орон зай, хамтран ажиллах бүтээлч хэлбэрүүд байгааг Доминик Бартон уулзалтын төгсгөлд илэрхийллээ хэмээн АҮЭБЯ-наас мэдээллээ.