Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Г.Дамдинням: Засгийн газар Оюу толгойн 30 их наядын зардлыг бууруулж чадлаа

Өнөөдрийн (2026.07.01) Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон Оюу толгой, "Онтре" (Entrée Gold)-тэй холбоотой хэлэлцээрийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Тэрбээр Оюу толгойн менежментийн төлбөрийг бууруулсан үр дүнгээ тайлагнаж, "Онтре"-тэй хийх дараагийн хэлэлцээрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Оюу толгойн "3 давхар" төлбөрийг цуцалж, 2.2 тэрбум ам.доллар хэмнэлээ

Менежментийн төлбөрийг бууруулсан нь "худлаа" гэх шүүмжлэлд сайд Г.Дамдинням тодорхой тоо баримтаар няцаалт өглөө. Өмнө нь Монгол Улс менежментийн төлбөр нэрээр үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6 хувь, төслийн санхүүжилтийн хүү, шимтгэлээс 6 хувь, мөн давхардуулсан Рио Тинто SOW үйлчилгээнд жилд 27.27 сая ам.доллар буюу нийлээд ойролцоогоор 10 хувийн "3 давхар" төлбөр төлдөг байжээ.

Засгийн газар хэлэлцээрийн өмнө олон улсын зөвлөх компани авч ажиллуулан, уг хүүг дунджаар 4.4 хувь байхад болно гэсэн тооцооллыг гаргасан байна. Ингээд хэлэлцээрийн үр дүнд дээрх 3 төлбөрийн 2-ыг нь шууд тэглэж, байхгүй болгосноор менежментийн төлбөрийг 3.95 хувь руу буулгажээ. Үүний үр дүнд нийт дүнгээрээ 30 их наяд төгрөг буюу 2.2 тэрбум ам.долларын зардлыг тэглэж чадсан байна.

"Онтре"-тэй шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна: "Нууцаар хуваах зүйл байхгүй"

Үргэлжлүүлэн сайд Г.Дамдинням Оюу толгойн ордын тусгай зөвшөөрлийн тодорхой хувийг эзэмшдэг "Онтре" компанитай хийж буй хэлэлцээрийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Онтре"-тэй хэлцэл хийх ажлын хэсгийг өөрөө ахалж байгаа бөгөөд Монголын тал ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй, хэрэв тэднийг төслөөс явуулъя гэвэл хэлэлцээ заавал хийх шаардлагатайг онцоллоо.

Уг хэлэлцээр нь Үндсэн хуулийн 6.2-д заасан "Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувь ард түмэнд ирнэ" гэсэн суурь зарчимд суурилж байгаа аж. Сайд Г.Дамдинням "Үр дүнг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх хуультай учраас нуух хаах зүйл юу ч байхгүй. Монгол Улсын газар нутагт байгаа баялгийг нууцаар хуваах тухай ямар ч хэлцлийг зөвшөөрөхгүй гэдгийг Оюу толгой, Онтре хоёуланд нь хэлсэн" хэмээн мэдэгдэв. Цаашид АМНАТ болон хувь эзэмших гээд бүх хувилбарыг тооцож үзээд, Монгол Улсад аль ашигтайг нь сонгон Шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар ажиллаж байна.