
Ч.Сансар
Рио Тинто болон Монгол Улс 18 тэрбум ам.долларын Оюу Толгой зэсийн уурхайн төслийн санхүүжилтийн асуудлаар шинэ тохиролцоонд хүрлээ. Зэсийн үнэ огцом өсөж, улс төрийн дарамт нэмэгдсэнээр хоёр тал дахин хэлэлцээ хийхэд хүрсэн. Рио Тинто говьд хэрэгжүүлж буй уг төслийн удирдлагын төлбөрөө 50%-иар, мөн Монголд олгосон олон тэрбум ам.долларын зээлийн хүүг 2.5 нэгжээр бууруулахаар тохиролцжээ.
Талууд Монголын хамгийн том уул уурхайн төсөл болох Оюу Толгойн асуудлаар хэдэн сарын турш хэлэлцээр хийсэн. Өмнөх нөхцөлийг Монголын албаныхан "шударга биш" гэж үзээд, улс орныг "хохироож байна" хэмээн мэдэгдэж байсан. Энэхүү тохиролцоо зэсийн үнэ түүхэн дээд түвшинд ойртсон үед хийгдэж байгаа нь Оюу Толгойгоос ирээдүйд олох орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.
Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 500 мянган тонн орчим зэс үйлдвэрлэх боломжтой. Рио Тинтогийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон болон зэсийн салбар хариуцсан захирал Кэти Жексон нар мягмар гарагт Улаанбаатарт Монгол Улсын Ерөнхий сайд У.Ням-Осортой уулзаж, гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү тохиролцоо нь Монгол Улс санхүүгийн эрх ашгаа хамгаалахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын ээлтэй орчин бүрдүүлж чаддаг гэдгийг харууллаа гэж Ерөнхий сайд мэдэгдэлдээ онцолжээ.
Оюу Толгойн бүтээн байгуулалтын 17 жилийн хугацаанд талууд хоорондоо олон удаа тохиролцож, санал зөрөлдөж байсан түүхтэй. Дөрвөн жилийн өмнө Рио Тинто Монголын Засгийн газрын 2.4 тэрбум ам.долларын зээлийг тэглэх шийдвэр гаргаж, хоёр тал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана гэж амлаж байсан. Гэвч энэ ойлголцол удаан үргэлжилсэнгүй бөгөөд ирэх жил болох сонгууль нь уг асуудлыг улам улс төржүүлсэн.
Хоёр долоо хоногийн өмнө эсэргүүцэгчид Оюу Толгойгоос зэсийн баяжмал экспортлох ажлыг саатуулж, тээвэрлэлтий бараг нэг өдрийн турш зогсоосон билээ.
Монголын тал Оюу Толгойгоос ногдол ашгаа хэзээнээс авч эхлэх вэ гэж шийдэгдээгүй нэг асуудал байна.
Тус төсөлд Засгийн газар 34%, Рио Тинто 66%-ийг эзэмшдэг. Зардал төлөвлөснөөс давж, ажил удаа дараа хойшилсны улмаас Засгийн газар ногдол ашиг авч эхлэх хугацаа 2017 оноос 2037 он болсон.
Рио Тинто шинэ тохиролцооны үр дүнд хувьцаа эзэмшигчид өгөөжөө илүү эрт хүртэх боломжтой болно гэж мэдэгдсэн ч яг хэзээнээс гэдгийг хэлээгүй байна. RBC банкны шинжээч Бен Дэвис уг тохиролцоо Рио Тинтод бага зэрэг ашигтай болсон гэж үзжээ. Гэхдээ Монголд улс төрийн байдал хурдан өөрчлөгддөг учраас ирээдүйд Засгийн газар уурхайн ашгаас илүү их хувийг авахыг оролдохыг үгүйсгэхгүй гэж тэрбээр анхааруулжээ.
Үүнээс гадна Рио Тинто Монголд татварын маргаантай байгаа. Монголын эрх баригчид тус компани 2021, 2022 онд татвараа 450 сая орчим ам.доллараар дутуу төлсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ хэрэг одоо шүүх дээр шийдвэрлэгдэж байна.
Эх сурвалж: Financial Times