
О.Дөлгөөн
Дэлхий даяар цэвэр эрчим хүчний шилжилт эрчимжиж байгаа энэ үед Монгол Улсад уур амьсгалд ээлтэй, чухал ашигт малтмалын дэлхийн хэмжээний зангилаа төв болох урьд өмнө байгаагүй түүхэн боломж бүрдэж байгааг Азийн Хөгжлийн Банк (АХБ) шинэ тайландаа онцоллоо. Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү алтан боломжийг бодит ажил хэрэг болгох эсэх нь зөвхөн байгалийн баялгийн арвин нөөцөөс бус, харин бодлогын тогтвортой байдал, засаглалын шинэчлэл болон олон улсын ESG стандартыг хэрхэн хангахаас шууд хамаарахаар байна.
Цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт үйлдвэрлэл эрчимжих хирээр чухал ашигт малтмалын эрэлт дэлхий даяар огцом өсөж байна. Тооцооллоор 2050 он гэхэд дэлхийн зах зээлд:
Литийн эрэлт: 13 дахин,
Цагаан алтны бүлгийн металл: 15-60 дахин,
Бал чулуу (графит): 500%-иар,
Зэсийн эрэлт: 250%-иар тус тус өсөх төлөвтэй байна.
Шинэ уурхайг нээж, ашиглалтад оруулахад дунджаар 10-15 жил шаардагддаг тул дэлхийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байх эрсдэл өндөр байна. Энэ нь цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчний системд нэн шаардлагатай ашигт малтмалын хамгийн том, ашиглагдаагүй нөөцтэй манай улсад томоохон боломж олгож байгаа юм.
Хөрөнгө оруулалтад тулгарч буй гол саад бол Бодлогын тодорхойгүй байдал
АХБ-ны тооцоолсноор, 2025-2035 оны хооронд Монгол Улсад чухал ашигт малтмалын эхний шатны төслүүдийг хөгжүүлэхэд 8-10 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Энэ нь одоогийн жилийн дундаж урсгалаас (1 тэрбум ам.доллар) даруй 10 дахин их үзүүлэлт юм.
Гэвч хөрөнгө оруулагчдыг татахад хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал хамгийн том тээг болж байгааг тайланд тэмдэглэжээ. Уул уурхайн хуулийн ойр ойрхон өөрчлөлт, татварын тогтворгүй орчин, тусгай зөвшөөрөл (лиценз) олгох үйл явцын тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх, татварын тогтвортой бодлого бүрдүүлэх, зохицуулалтыг тодорхой болгохыг зөвлөв.
ЕХ, АНУ, Япон, БНСУ зэрэг өндөр зэрэглэлийн зах зээлийн томоохон худалдан авагчид бүтээгдэхүүний гарал үүслийг бүрэн мөрдөх боломжтой байх, хариуцлагатай олборлолт хийсэн байхыг шаардах болсон. ESG стандартыг нэвтрүүлж чадахгүй бол Монголын уурхайнууд олон улсаас санхүүжилт босгох боломжгүй болох эрсдэлтэй.
Түүхий эдээс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү шилжих хэрэгтэй
Тайланд Монгол Улсыг зөвхөн түүхий хүдэр экспортлогч байхаас татгалзаж, зэсийн катод, баяжуулсан жонш, гянтболдын бүтээгдэхүүн, батерейны завсрын материал зэрэг нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийг хөгжүүлэхийг уриаллаа.
Үүний зэрэгцээ тээврийн зардлыг (одоогоор бүтээгдэхүүний өртгийн 30%-ийг эзэлж байна) бууруулахын тулд уурхай, сэргээгдэх эрчим хүч, боловсруулах үйлдвэр, тээврийн сүлжээг нэгтгэсэн "чухал ашигт малтмалын нэгдсэн коридор" байгуулах шаардлагатай байна. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц (1,100 ГВт салхи, 2,200 ГВт нар) нь уур амьсгалд ээлтэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай уул уурхайг хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх гол давуу тал болох юм.
Мөн уул уурхайн салбарт олон нийтийн итгэлийг бэхжүүлэх зорилгоор тус тайланд орлого хуваарилалтын шинэ загварыг санал болгожээ. Энэхүү санал болгосон загварын дагуу уул уурхайн орлогын 60 хувийг улсын төсөвт, 20 хувийг ирээдүйн хуримтлал болгон баялгийн санд, 15 хувийг бүс нутгийн хөгжилд зориулахаар тусгасан байна. Харин үлдсэн 5 хувийг уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдэд шууд хуваарилахаар төлөвлөжээ.