Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

НАМРЫН ЧУУЛГАНААР ГУРВАН ТОМ ХУУЛЬ ӨРГӨН БАРИХ БОЛОН СТРАТЕГИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.07.06) болж, салбарын ажлуудын хэрэгжилтийн явц, үр дүн болон цаг үеийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, холбогдох мэдээ мэдээлэлтэй танилцан, салбарын хэмжээнд эрчимжүүлэх хэд хэдэн голлох чиглэлээр тодорхой үүрэг даалгавруудыг өглөө.

Хууль эрх зүйн шинэчлэл болон мега төслүүдийн сонгон шалгаруулалтыг түргэсгэнэ

Салбарын хэмжээнд нэн даруй хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль боловсруулах ажлуудыг эрчимжүүлж, УИХ-ын намрын чуулганаар өргөн барихад бэлэн болгохыг даалгав. 

Мөн тус яамнаас хэрэгжүүлэх Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор, нүүрс пиролизийн үйлдвэрийн төсөл, Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зэрэг стратегийн томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх ажлын сонгон шалгаруулалтыг түргэн шуурхай зохион байгуулахаас гадна, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтад онцгойлон анхаарахаар боллоо.

Хуралдаанаар салбарын хэмжээнд өрнөж буй дотоод болон хөтөлбөрийн чанартай ажлуудын явцыг нарийвчлан хэлэлцсэн байна. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/98 дугаар тушаалаар байгуулагдсан “Эд хөрөнгийн тооллого хийх комисс”-ын ажлыг хуульд заасан хугацаанд нь багтаан чанартай гүйцэтгэж, үр дүнг танилцуулахыг үүрэг болгов.

Үүнээс гадна "Алт-3" аяны хүрээнд боловсруулж буй Засгийн газрын тогтоолын төслийн ажлын хэсгийн хурлыг шуурхай зохион байгуулж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, мөн “Чөлөөлье аян”-ы хүрээнд олон нийтэд зориулсан шторк, сурталчилгааны материалыг шуурхай бэлтгэх чиглэл өглөө хэмээн АҮЭБЯ-наас мэдээллээ.