Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

УДТАЛ ЯРИГДСАН АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ДЭМЖЛЭЭ

А.Халиун

Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Уул уурхайн салбар өнөөгийн байдлаар Монгол Улсын ДНБ-ий 22%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71%, экспортын 94%-ийг бүрдүүлэгч эдийн засгийн хөгжлийн суурь салбар. Тиймээс эрдэс баялгийн нөөцийг баталгаажуулах, аж үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг найдвартай хангах, уул уурхайн салбарын борлуулалтыг нэмэгдүүлэх замаар Үндэсний баялгийн санг арвижуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ удаагийн хуулийн төслийг боловсруулжээ.

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга 2006 онд батлагдан 2007 онд хэрэгжиж эхлэх үед хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2008 онд 4111 байсан бол 2023 онд 870 болон буурсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт оргил үедээ 335 тэрбум төгрөгт хүрч байсан бол 2025 онд 104 тэрбум болж З дахин буурчээ.

Одоогийн хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгож байгаа нь тэгш, шударга, нээлттэй мэт харагдах боловч зарлагдаж буй зарим талбайд санал ирэхгүй, эсвэл нэг талбайд нэг л санал ирж, 40-46%-д хүрсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхол татах талбай зарлагдахгүй байгаагийн илрэл. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгохоор төсөлд тусгасан гэж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцуулгадаа дурдлаа.

Уурхайн Баяжуулалтын үйл ажиллагааны явцад бий болсон үүсмэл ордыг бусад ААН ашиглах тохиолдолд баяжуулалтын тусгай зөвшөөрөл авна гэж энэ төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн онцлоод, энэ заалт бичил уурхайтай холбоотой зохицуулалт юм шиг байна. Та бүхэн "Ачит-Ихт", "Эрдмин" зэрэг компанийг төсөөлж бодсон байх. Бичил уурхайн зохицуулалт хангалтгүйгээс олон асуудал үүссэн. Энэ хуулиар бичил уурхайг дэмжих гээд байна уу, зогсоох гээд байна уу.

Сайд Г.Дамдинням, "Үүсмэл ордыг ашиглахтай холбоотой асуудал зохицуулалтгүй, хуульгүй явж ирснийг хуулиар зохицуулна. Бичил уурхайчдыг хариуцлагажуулна. Газрын хэвлийн баялгийг ашиглаж байгаа учир бүртгэлгүй нөхөрлөлүүдийг бүртгэлжүүлж, АМНАТ төлөгч болно. Уулын ажлын тайлан өгдөг болно, эс тэгвээс хэт задгай байна" гэв.

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫГ ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАНА

Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтэд эрсдэл тулгарч байгааг улс орнууд анхааралдаа авчээ. Тиймээс критикал минералын эцсийн хэрэглэгч улс орнууд болон ханган нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч, олборлогч, борлуулагч улс орнууд өөрийн бодлого стратегиа тодорхойлж байгаа энэ үед Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд чухал ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг зохицуулах заалт тусгажээ. 

Одоогоор дэлхийн улс орнууд 30-35 элементийг чухал ашигт малтмалын жагсаалтдаа оруулсан бол Монголд эдгээр элементүүдийн хуримтлал бүхий цэг цөөнгүй байгаа нь тогтоогдсон. Иймд манай улс чухал ашигт малтмалын бодлогоо тодорхойлж, олон улсад танилцуулснаар энэ төрлийн хайгуулыг нэмэгдүүлэх, шинэ орд газар нээх, хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Уянга, Чухал ашигт малтмалын чиглэлээр хайгуул, судалгаа хийж байгаа ААН-үүд байна уу. Энэ салбарт орох ААН-үүдийг дэмжих ямар зохицуулалт оруулж байна вэ гэж асуугаад, чухал ашигт малтмалын ордууд яваандаа стратегийн орд болж хатуу зохицуулалтад орох вий гэж болгоомжилж буйгаа УИХ-ын ЭЗБХ-ны хуралдааны үеэр хэлэв.

Сайд Г.Дамдинням, Чухал ашигт малтмал бол геополитикийн асуудал Монгол Улс нэгдүгээрт, чухал ашигт малтмалын жагсаалтаа батална. Хоёрдугаарт, энэ салбарт хэнтэй хамтарч ажиллахаа Засгийн газар шийдвэрлэж, танилцуулна. Гуравдугаарт, геологи, хайгуул судалгааны ажилд чиглэсэн төсөв хөрөнгө дэмжлэг үзүүлэх бодлого чиглэлтэй байна.

"ОНТРЭ"-ГИЙН ХЭЛЭЛЦЭЭ ДУУСАХ ХҮРТЭЛ ЗЭСИЙН АМНАТ-ИЙГ ХӨНДӨХГҮЙ

"АМНАТ-ийн тодорхой хэсгийг хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа орон нутагт нь хуваарилна" гэсэн заалтыг иргэд 100% дэмжиж байна. Уул уурхайн нөхөн сэргээлт болон хаалтын үеийн хариуцлагыг өндөржүүлж, төсөл хэрэгжүүлэгчээс нөхөн сэргээлтийн баталгаа гаргуулах буюу хариуцлагын төлбөрийг урьдчидан байршуулах, 100% өөрийн хөрөнгө, техникээр биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийсний дараа төлбөрийг эргүүлэн авах зохицуулалтыг тусгасан байна.

Зэсийн салбарт томоохон олборлолт явуулж буй улс орнуудад дунджаар 8-10%-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/АМНАТ/ ногдуулж байна. АМНАТ-ийг хэт өндөр тогтоосон нь Монгол Улсад шинээр зэсийн орд нээх боломжийг хязгаарлаж байна. Иймд АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэн тусгасан бөгөөд төсвийн орлогыг бууруулахгүйн тулд "Эрдэнэт" үйлдвэрийн төсөвт төвлөрүүлж буй АМНАТ-ийг хэвээр үлдээхээр зохицуулсан байна.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар одоо үйлдвэрлэж буй 2.1 сая тонн зэсийн баяжмал 3.3 сая тонн буюу 47 хүртэлх хувиар нэмэгдэх боломж бүрдэнэ хэмээн хуулийн төсөл боловсруулсан Ажлын хэсэг тооцоолжээ.

Гэвч "Онтрэ"-гийн хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед Жавхлант, Шивээтолгой ордын асуудал яригдах учир зэсийн салбарын АМНАТ-тэй холбоотой зохицуулалтыг түр хугацаагаар хойшлуулах тал дээр УИХ дахь МАН-ын бүлэг болон Засгийн газар байр суурь нэгдсэн байна.

Сайд Г.Дамдинням, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гаргасанд алдаагаа бид "Онтрэ" дээр давтахгүй. "Онтрэ"-тэй тусад нь Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг ойрын үед хийж, гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Яаралтай ирж хэлэлцээрт орохыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид мэдэгдээд байна гэж тодотгов.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, "Эрдэнэтийн АМНАТ-ийг хэвээр үлдээнэ гэж байна. Эрдэнэт яачихсан үйлдвэр юм бэ. "Оюу толгой", "Онтрэ"-тэй тусгай гэрээ хийж, бууруулдаг атлаа улсын төсвийн ачааллыг үүрч ирсэн ганц үйлдвэрээ бүх талаас татаж чангаагаад байхаар энэ үйлдвэр цаашид яаж хөгжих вэ. Хэрэв улсын төсөвт нөлөөлөхөөр байгаа бол АМНАТ-ийг үе шаттайгаар бууруулж болдоггүй юм уу. Эрдэнэт үйлдвэр борлуулалтын орлогынхоо 50%-ийг бүх төрлийн татварт өгч байгаа. Энэ үйлдвэр яаж хөрөнгө оруулалт хийж, аюулгүй ажиллагааг хангаж, уурхайчдынхаа ахуй хангамжийг сайжруулах юм бэ. Ашигт малтмалын тухай хуулийн төслийг би дэмжинэ. Харин хууль үйлдвэрүүдэд ялгаатай үйлчлэх заалтыг дэмжихгүй" гэв.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, "Үүрийнтуяа гишүүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсны хувьд зовлонг нь яг л хэлж байна. АҮЭБЯ-наас энэ үйлдвэрийг аль болох урт хугацаанд ажиллуулах бодлогоор хуулийн төслөө боловсруулсан. АМНАТ-ийг хэвээр үлдээх асуудлаар манай Ажлын хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэрийнхэнтэй зөвшилцсөн.

Дөрвөн жилийн хугацаанд одоогийн 15%-ийн АМНАТ-ийг төлж, түүнээс цааш үе шаттайгаар бууруулахыг зөвшөөрсөн.

Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар Сангийн яам, ХЗДХЯ-наас санал авахад, энэ "дөрвөн жил" гэсэн хугацааг авахгүй бол хуулийг дэмжих боломжгүй гэсэн шаардлага тавьсан" гэв.

Улсын төсөвт зэсээс 1.8 их наяд төгрөгийн АМНАТ орж байна. Үүний 900 тэрбумыг нь "Оюутолгой" бүрдүүлж байна.

Зэсийн АМНАТ-ийг 10%-д хүргэж, олон улсын жишигт нийцүүлснээр 2010 оноос хойш хайгуул хийж, орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж баталсан 20 гаруй төслийг хэрэгжүүлнэ, АМНАТ-ийн орлого өснө гэж тооцоолжээ.

Олон жил яригдсан ч шийдэгдэхгүй өнөөг хүрсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжлээ.