Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

1.2 триллион шоо фут нөөцтэй Гурвантэс төслийн олборлолт тасралтгүй өсөж байна 

О.Дөлгөөн

Монгол Улсын анхны нүүрсний давхаргын метан хийн төсөл болох "Гурвантэс XXXV" төслийн хийн олборлолт тасралтгүй өссөөр байна. Ингэснээр “Тэлмэн Ресурс” ХХК ирэх 8-р сард өрөмдлөг болон цооногийн засвар үйлчилгээний шинэ ажлаа эхлүүлэхээр товложээ. 

6-р сард хийн хоногийн дундаж олборлолт 8%-иар өсөж, 26,200 стандарт шоо фут (scfd)-д хүрэв. Үүнд гол туршилтын цооног болох LF-07 чухал үүрэг гүйцэтгэсэн (сарын дундуур 30,000 scfd хүрч огцом өссөн) байна.

Талбайн өөр нэг цооног болох LF-03 нь насос солих ажиллагааны улмаас сарын турш зогссон байхад нийт хийн олборлолт ийнхүү өссөн нь нүүрсний давхаргын хийн үндсэн урсгал улам сайжирсаар байгааг илтгэж байна.  Сүүлийн нэг жилийн хугацаанд хийн олборлолт сар бүр тасралтгүй өссөн бөгөөд 7-р сарын эхээр LF-07 цооногийн олборлолт улам нэмэгдэж 14,000–15,000 scfd-д хүрчээ.

Тус компани 2026 оны ажлын хөтөлбөрөө ирэх сард багтаан эхлүүлэхээр зорьж байна. Өрөмдлөгийн гүйцэтгэгчийн тендерт өмнөх долоон цооногийг бүгдийг нь амжилттай өрөмдсөн "Major Drilling" компани дахин шалгарчээ. 

Шинэ хөтөлбөрийн хүрээнд гурав хүртэлх туршилтын цооног нэмж өрөмдөхөөс гадна үйлдвэрлэлийг урт хугацаанд дэмжих цооногийн иж бүрэн засвар үйлчилгээг хийх бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжүүд энэ сарын сүүлээр Монголд ирнэ.

"TMK Energy" үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ санхүүгийн чадамжаа бэхжүүлж, хувьцаагаа нэмж байршуулах замаар 6 сая австрали доллар амжилттай татан төвлөрүүлсэн байна. Ингэснээр одоогийн байдлаар 6.3 сая ам.долларын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй, ямар нэгэн өргүйгээр дараагийн ажлуудаа санхүүжүүлэх бүрэн боломжтой болжээ. 

"Гурвантэс XXXV" төсөл нь 1.2 триллион шоо фут хийн асар их нөөцтэй бөгөөд Хятадын хилээс 20 км-ээс бага зайд байрладаг зэрэг стратегийн чухал давуу талтай юм. Түүнчлэн "TMK Energy" болон түүний Монгол дахь төсөл хэрэгжүүлэгч “Тэлмэн Ресурс” ХХК нь "Дашваанжил" групптэй хамтран 1 мегаваттын хүчин чадалтай байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төслийн зураг төслийн ажлыг дуусгах шатандаа оржээ.