Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт оны эхний хагаст 59.2 сая тоннд хүрч 60 орчим хувиар өсөв

Б.Төгс

Манай улсын гадаад худалдааны үзүүлэлт 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 4.4 тэрбум ам.доллар буюу 36.3%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дотроо экспорт 10.39 тэрбум ам.доллартой тэнцэж өмнөх оны мөн үеийнхээс 57.9% нэмэгджээ. Импортын тухайд 6.12 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 10.6% дээшилжээ. Ийнхүү оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны тэнцэл 4.28 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

Нийт экспортын 91%-ийг зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдрийн борлуулалт бүрдүүллээ.

Эрдсийн экспортод зэсийн баяжмалын борлуулалт орлогын дүнгээр хамгийн өндөр дүнгээр тэмдэглэгдлээ. Тодруулбал энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улс нийт 1.31 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 4.65 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь орлогын дүнгээр өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өссөн гэсэн үг.

Нүүрсний экспортын тухайд биет жингээр бараг 60 сая тоннд хүрч 4.02 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүн болон жингээр 50-56% өссөн үзүүлэлттэй гарлаа.

Алтны экспортын жин эхний хагас жилийн байдлаар 30 гаруй хувь буурсан ч орлогын дүн нь 9.1% өсөж 450 сая ам.долларт хүрчээ.

Төмрийн хүдрийн экспортоос манай улс энэ оны эхний хагас жилийн байдлаар 310 орчим сая ам.доллар олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 12% өсөөд байна.

Жоншны экспортын биет хэмжээ энэ оны эхний хагасын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй гарсан ч орлогын дүн нь бууралттай байгаа бол эсрэгээр цайрын баяжмалын экспорт жингээр багассан ч үнийн дүн нь нэмэгджээ.

Газрын тосны экспортын орлого ч оны эхний саруудад бууралттай гарч байсан бол зах зээлийн ханшийн өсөлтийн нөлөөгөөр эхний хагас жилийн байдлаар ялимгүй өсөлттэй гарч чадлаа.

Бусад эрдсийн экспортын үзүүлэлтийн тухайд молибденийн баяжмал, тунгаасан зэсийн экспорт биет хэмжээ болон орлогын дүнгийн аль алинд нь бууралттай гарлаа. Харин хар тугалгын хүдэр, баяжмал болон гянтболдын хүдэр, баяжмалын экспорт үнийн дүн болон жингээр огцом өсөв.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар