Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ТОМООХОН ТӨСЛҮҮД ЭХЭЛЛЭЭ

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газраас хэрэгжүүлүж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын  хүрээнд уул уурхай, аж үйлдвэрийн салбарт томоохон шинэчлэл хийгдэж хэд хэдэн төсөл гараанаас гарав.

Юун түрүүнд, "Оюу толгой"-н гэрээг сайжруулах хэлэлцээр амжилттай дуусаж, Монголын талд оногдох зээлийн хүү болон менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа. Ингэснээр зардлыг 8.4 тэрбум ам.доллар буюу 30 их наяд төгрөгөөр бууруулж, манай улсын ирээдүйд хүртэх өгөөж 13 их наяд төгрөгөөр өссөн байна. Мөн ногдол ашиг авах хугацаа 2037 оноос наашилж, 2026 онд авахаар болжээ.

Үүний зэрэгцээ 2.6 тэрбум тонны таамаг, 424.2 сая тонны батлагдсан нөөцтэй Бортээгийн ордыг ашиглаж эхэллээ. Тус ордыг ашигласнаар "Эрдэнэс Тавантолгой"-н олборлох нүүрс жилд 50 сая тоннд хүрч, 1500 ажлын байр шинээр нэмэгдэхийн зэрэгцээ улс, орон нутагт 10 жилд 4.4 их наядын татвар хураамж төвлөрөх юм.

Мөн уул уурхайн олборлолт хийгдэж буй орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. УИХ-ын хаврын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийсэн уг хуулиар олборлолт явагдаж буй аймаг, сумдад АМНАТ-өөс түлхүү хуваарилж, орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг 15 хувь болгон өсгөв.

Аж үйлдвэржилтийн мега төслүүдийн тухайд, Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар БНХАУ-ын "NFC" компанийг шалгаруулж, хэлэлцээрийг эхлүүлсэн байна. Гангийн цогцолбор барих төслийн урилгад 5 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс шаардлага хангасан 2 ААН хураангуй жагсаалтад орж, баталгаажжээ.

Түүнчлэн Багануурын уурхайг түшиглэн Нүүрс-пиролизын үйлдвэрийн төсөл эхэллээ. Уг үйлдвэр ашиглалтад орсноор 422 ажлын байр шинээр бий болж, жилд 600 сая тонн хагас кокс түлш үйлдвэрлэнэ. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах ач холбогдолтой бөгөөд импортын хагас кокст зарцуулдаг жил бүрийн 200 гаруй тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломжийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар