Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

АМГТГ: Хайгуулын үр дүнгээр шинэ орд, илрэлүүд улсын нөөцөд бүртгэгдсээр байна 

О.Дөлгөөн

Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) 2026 оны нэгдүгээр улирлын Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянасан мэдээллээс үзэхэд Монгол Улсын голлох ашигт малтмал болох алт, нүүрсний шинээр баталгаажсан нөөцийн бүртгэл сүүлийн хоёр жилд хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна. 

Тоон үзүүлэлтийг сөхвөл, 2022 онд улсын хэмжээнд 10 ордоос 8,475.96 кг алтны нөөц шинээр бүртгэгдэж байсан юм. Хэрэв энэ үзүүлэлтийг 2024 онтой харьцуулбал, шинээр бүртгэгдсэн алтны нөөц 22 ордоос 126,226.89 кг буюу 126.2 тоннд хүрч, даруй 15 дахин өссөн дүр зураг харагдаж байна. Түүнчлэн, 2025 онд 34 ордоос 86,555.47 кг алтны шинэ нөөцийг баталгаажуулсан нь хайгуулын ажлын үр ашиг өндөр түвшинд хадгалагдсаныг илтгэж байна.

Эх сурвалж: АМГТГ

Алтнаас гадна нүүрсний салбарт 2024 онд хамгийн өндөр өсөлт бүртгэгдсэн байна. Тухайн онд 11 ордын хайгуулын үр дүнд нийт 10,077.69 сая тонн буюу 10.07 тэрбум тонны нөөц шинээр бүртгэгдсэн нь салбарын түүхэнд өмнө нь ховор тохиож байсан өндөр үзүүлэлт юм. Хэдийгээр 2025 онд энэ эрч саарч, 14 ордоос 1.2 тэрбум тонн нөөц бүртгэгдсэн ч энэ нь урт хугацааны дунджаас өндөр хэвээр байна.

Эх сурвалж: АМГТГ

Хайгуулын ажлын зардлын хувьд компаниудын төлөвлөсөн болон баталгаажсан зардлын хооронд зөрүү ажиглагдаж байгаа ч салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна. Тухайлбал, 2021 онд хайгуулын ажилд 270 тэрбум төгрөг төлөвлөж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 975 тэрбум төгрөг болж өсжээ. 

Жил бүрийн хайгуулын ажлын үр дүнгээр ийнхүү шинэ орд, илрэлүүд улсын нөөцөд бүртгэгдэж байгаа нь уул уурхайн салбарын дунд болон урт хугацааны үйлдвэрлэл, олборлолтын хэмжээг тогтвортой хадгалах, цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

2026 оны эхний улирлын (3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар) урьдчилсан гүйцэтгэлээр 15 ордоос 24.7 кг алт, 4 ордоос 35.3 сая тонн нүүрс, 3 ордоос 544.9 мянган тонн хайлуур жонш, 1 ордоос 13.4 мянган тонн зэсийн нөөц тус тус бүртгэгдээд байна. Оны эцсийн нэгдсэн дүн хайгуулын тайлангууд бүрэн хамрагдсаны дараа эцэслэгдэнэ.

Эх сурвалж: АМГТГ