Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Засгийн газар хөрөнгө оруулалтын менежментийн компани Франклин Темплтонтой санамж бичиг үзэглэв

-ТӨКомпаниудыг дотоодын болон гадаадын хөрөнгийн захад гаргах боломжийг судална-

Монгол Улсын сайд, ЗГХЭГазрын дарга Б.Энхбаяр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэх байгууллагуудын нэг “Franklin Templeton” компанийн төлөөлөлтэй төрийн өмчийн бодлогын шинэчлэлийн хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ.

Энэхүү санамж бичиг нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, ашигт ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилготой. Талууд ТӨК-иудын хувьцааны тодорхой хэсгийг хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлж, улмаар нэгж эрхийг нь дотоод болон олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгох боломжийг хамтран судална.

Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд Үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулах саналыг хэлэлцэж Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Чингис хаан баялгийн сан нэгдэл зэрэг байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, төрийн өмчит компаниудын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын зах зээлд гарах боломж, хэрэгжүүлэх хувилбаруудын талаар урьдчилсан шинжилгээ хийж эхлүүлсэн.

Ажлын хэсгээс дэлхийн тэргүүлэгч 12 хөрөнгө оруулалтын менежментийн компанид хамтран ажиллах санал хүргүүлсэн бөгөөд Франклин Темплтон компани сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлж, мэдээлэл солилцох, бэлтгэл ажлын цар хүрээ, замын зураглалыг тодорхойлох зорилгоор санамж бичиг байгуулж байна.

Засгийн газраас төрийн өмчит компаниудыг олон улсын аргачлалаар үнэлж, эрэмбэлэн, засаглал, санхүү, үйл ажиллагааны бэлэн байдлыг сайжруулсны үндсэн дээр дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд багцлан гаргах боломжийг судална. Энэ хүрээнд талууд төрийн өмчит компаниудын үнэлгээ, эрэмбэлэлт, Үнэт цаасыг нийтэд санал болгох, бэлтгэх үйл ажиллагаа, засаглалын шинэчлэл, хөрөнгө оруулагчдын сонирхол, Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн боломжит бүтэц, хэрэгжүүлэх замын зураглалын талаар мэдээлэл солилцож, хамтран судалгаа хийнэ.

Франклин Темплтон нь дэлхийн 30 гаруй улсад салбартай, хөрөнгө оруулалтын чиглэлээр 75 гаруй жилийн түүхтэй үйл ажиллагаа явуулж буй, дэлхий даяар 1,300 орчим хөрөнгө оруулалтын мэргэжилтэнтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани юм. Тус компани нь 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.78 их наяд ам.долларын хөрөнгө удирдаж байгаа бөгөөд Румын улс болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын төрийн өмчит компаниудын багцыг хөрөнгийн зах зээлд бэлтгэж, засаглалыг сайжруулах, олон улсын хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан туршлагатай.

Дараагийн шатны аливаа гэрээ, хэлцэл, сонгон шалгаруулалтыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, худалдан авах ажиллагаа, өрсөлдөөн, ил тод байдлын шаардлагад бүрэн нийцүүлэн зохион байгуулна.

Засгийн газар 2027 онд багтаан эхний үнэт цаасны багцыг олон улсын үнэт цаасны зах зээлд гаргах боломжит замын зураглалыг боловсруулах зорилготой ажиллаж байна. Энэхүү ажил нь төрийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Монгол Улсыг чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалтын шинэ суваг нээх зэрэг ач холбогдолтой юм.

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн мэргэшсэн шинжээчдийн баг олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн удирдлагыг нутагшуулах замаар стратегийн ач холбогдолтой төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: "Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК