Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ БУУРСАН Ч УРТ ХУГАЦААНДАА НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХОМСДОЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ



О.Дөлгөөн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ-92 бензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулах шийдвэрийг танилцууллаа. Энэхүү зохицуулалтыг олон нийтийн зүгээс "иргэдэд дарамттай ч уул уурхай, аж үйлдвэрийн салбарт эерэг" хэмээн өнгөц дүгнэж байгаа ч олон улсын эрчим хүчний зах зээлийн бодит дүр зураг, түүхий эдийн макро эдийн засгийн динамик тэс өөр дохиог өгч байна.

Түүхий тосны үнэ буурсан ч боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлын гацаанаас шалтгаалж олон улсын зах зээлд дизель түлшний үнэ түүхий тосны ханшаас хамааралгүйгээр өндөр түвшинд хадгалагдсаар байгаа энэ үед манай улсын дотоод дахь үнийн зөрүүтэй зохицуулалт нь уул уурхайн компаниудад  урт хугацааны зардлын дарамт, цаашлаад нийлүүлэлтийн хомсдлын эрсдэлийг дагуулж байна.

Урт хугацааны гэрээний дахин хэлэлцэх нөхцөл идэвхжсэн нь дотоодын үнэд нөлөөлөх суурь шалтгаан боллоо

Манай улс түлш, шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд үүний 98 хувийг Оросын Холбооны Улсаас импортолдог. Иймд ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хил үнэ дэлхийн зах зээл дэх түүхий тосны ханштай шууд уялдаатай байдаг бөгөөд энэ удаагийн үнийн өсөлт нь урт хугацааны гэрээний дахин хэлэлцэх нөхцөл идэвхжсэнтэй холбоотойг АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр тодрууллаа. 

Д.Даваабаяр: "2022 оны геополитикийн хямралын үеэр АИ-92-ын хил үнэ тонн нь 1,180 ам.долларт хүрч байсныг саармагжуулахаар Засгийн газрын түвшинд хэлэлцээ хийж, 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тонн тутамд 705 ам.долларт тогтоон, 3 жилийн турш тогтвортой барьж ирсэн.

Уг гэрээний дагуу дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 3 сар дараалан 30 хувиас дээш хэмжээгээр хэлбэлзвэл үнийг дахин хэлэлцэх заалттай байсан юм. Тэгвэл энэ оны буюу 2026 оны 2 дугаар сараас эхлэн Ойрхи Дорнод дахь хямралаас үүдэн түүхий тосны үнэ баррель нь 100 ам.долларыг давж, 4, 5 дугаар саруудад ч өндөр түвшинд хадгалагдсан. Үүнээс шалтгаалж ОХУ-ын талаас манай улсад 7 дугаар сард нийлүүлэх АИ-92 бензиний хил үнийг тонн тутамд 95 ам.доллароор нэмэгдүүлж, 800 ам.доллар болгосон нь дотоодод үнийг 250–300 төгрөгөөр нэмэх бодит нөхцөлийг үүсгэлээ.

ОХУ-д эрчим хүчний экспортын хямрал нүүрлэчихсэн

Монгол Улсын хамгийн том нийлүүлэгч ОХУ-ын эрчим хүчний салбар олон улсын түвшинд бүтцийн гүнзгий хямралд ороод байна. 2022 оноос өмнө Европын Холбооны дамжуулах хоолойн хийн импортын 40 хувийг хангадаг байсан Орос улс 2025 он гэхэд энэ хувь хэмжээгээ ердөө 6 хувь болтол алджээ.

Европын Холбооны REPowerEU зохицуулалтаар Оросын шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) богино хугацааны гэрээг 2026 оны 4 дүгээр сарын 25-наас, урт хугацааны гэрээг 2027 оноос эхлэн бүрэн хориглохоор болсон нь Оросын хувьд валютын орлого олох эрчим хүчний стратегийн чухал сувгуудын нэгийг хааж буй хэрэг юм.

Энэхүү барууны зах зээлийн алдагдлыг БНХАУ руу чиглүүлэх замаар нөхөх гэсэн оролдлого гацалтад орсон. "Сибирийн хүч-2" төслийн арилжааны хэлэлцээр өнөөдрийг хүртэл бүрэн гацсан байдалтай байна. Хятадын тал байгалийн хийн үнийг ОХУ-ын дотоод зах зээлийнхтэй ижил хэмжээний хэт хямд үнээр авахыг шаардаж байгаа бөгөөд Орос Хятадаас бүрэн хамааралтай болсныг ашиглан шахалт үзүүлж байна.

Үүний дам нөлөөгөөр Оросын эрчим хүчний компаниуд экспортын орлогоо хамгаалахын тулд манай улс шиг импортын хамааралтай орнуудад нийлүүлэлтийн гэрээний нөхцөлөө уян хатан бус болгох, үнийн урьдчилсан хөнгөлөлтүүдийг хязгаарлах зэрэг бизнесийн хатуу байр суурь баримтлах болов

Түүхий тосны үнэ дизель түлшний ханшид нөлөөлөхөө байв уу?

Түүхий эдийн зах зээл дэх нийтлэг ойлголтоор түүхий тосны үнэ буурахад дизель дагаж хямдардаг ч өнөөгийн нөхцөлд энэ хамаарал өөрчлөгдсөн байна. 2026 оны 2-оос 6 дугаар сарын хооронд ICE Brent-ийн үнэ 18.6 хувиар буурч 84.43 ам.доллар болсон бол NYMEX WTI мөн 17 хувиар буурсан.

Гэвч зах зээлд бөөний дизелийн жишиг үнэ болох US Gasoil-ийн үнэ 6 дугаар сард баррель нь 121 ам.долларт хүрч, 42 хувиар өсжээ.

Үүний шалтгаан нь газрын тос олборлолтод биш, харин боловсруулах үйлдвэрүүдийн техникийн болон бүтцийн хямралд оршдог. Дэлхийн хэмжээнд боловсруулах үйлдвэрүүдийн гарц 2025 оны дунджаас өдөрт 5 сая баррелиар буурсан бөгөөд түүхий тос ба бэлэн бүтээгдэхүүний үнийн зөрүүг хэмждэг "Crack Spread" Европ, АНУ-д нэг баррель тутамд 60 ам.долларыг давж (хэвийн хэмжээ нь 15–25 ам.доллар) түүхэн рекорд тогтоолоо.

Боловсруулах хүчин чадал унасан суурь шалтгаанууд бий. Тухайлбал, Украины зүгээс ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн цохилтууд нь Европын зах зээлээс их хэмжээний дизелийг экспортыг хассан. Оросын экспортын түр хориг болон Ойрхи Дорнод дахь (Кувейт, Саудын Араб) боловсруулах үйлдвэрүүдийн техникийн саатал нөлөөлөв.

2026 оны эхээр Ормузын хоолой хаагдсанаар Азийн боловсруулах үйлдвэрүүдэд очих түүхий тосны нийлүүлэлт өдөрт 7.3 сая баррелиар тасарч, бүтээгдэхүүний урсгал бүрэн саатсан.

Европ, Хойд Америкт хуучин үйлдвэрүүд зохицуулалтын зардлаас болж бүрмөсөн хаагдсан бөгөөд шинээр ашиглалтад орсон Кувейтын "Al Zour" аварга үйлдвэр техникийн саатлаас болж өдөрт 600 мянгаас 1 сая баррелийн хүчин чадлаа алджээ. Үүнээс үүдэн OECD-ийн орнуудын дизелийн нөөц 5 жилийн дунджаас 37.7 сая баррелиар доогуур байна.

Уул уурхайн компаниудад ирж буй зардлын дарамт ба Монголын эрсдэл

Дизель түлш бол ил уурхайн (Open-pit) үйл ажиллагааны хамгийн том хувьсах зардал (OPEX) бөгөөд тээвэрлэлт, олборлолтыг шууд тодорхойлдог. Дэлхийн зах зээлд дизель ийнхүү 42 хувиар өссөн нь уул уурхайн компаниудын нэг тонныг олборлох үйл ажиллагааны зардлыг шууд өсгөж байна.

Дотоодод дизель түлшний үнийг бодлогоор хямдруулсан нь дэлхийн зах зээлийн ерөнхий чиг хандлагаас зөрж буй түр зуурын зохицуулалт юм. Олон улсын зах зээл дэх дизель түлшний жишиг үнэ баррель нь 121 ам.долларт хүрч өндөр байгаа нь цаашид манай улсын ОХУ-аас авах импортын үнэд үе шаттайгаар нөлөөлж, зардлын дарамтыг нэмэгдүүлэх суурь нөхцөл болж байна.

Уул уурхайн компаниуд богино хугацааны 150 төгрөгийн хямдралд найдалгүйгээр шатахууны урт хугацааны эрсдэлээ хамгаалах стратеги болон уурхайн машин механизмын цахилгаанжуулалт зэрэг бүтцийн өөрчлөлтүүдийг яаравчлах цаг болсныг энэхүү 2026 оны зардлын хямрал тодхон сануулж байна.