
Ч.Сансар
Энэтхэгийн түүхий газрын тосны импортын хэмжээ бага зэрэг буурсан ч үнэ өссөнөөр энэ оны 4-6-р сарын хооронд импортын зардал өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар өсжээ.
Олон улсын зах зээл дээр түүхий газрын тосны үнэ өндөр байсан тул Энэтхэгийн 2026/2027 оны санхүүгийн жилийн эхний улиралд (2026/04/01 – 2026/06/30) түүхий газрын тосны импортын зардал огцом өссөн гэж тус улсын Газрын тосны яамны даваа гарагт нийтэлсэн мэдээлэлд дурджээ.
Импортын зардал ийнхүү огцом өссөн нь Энэтхэгийн улсын төсөв, санхүүгийн тэнцэлд дарамт учруулж, мөн инфляц дахин өсөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна.
Ерөнхийдөө Энэтхэгийн түүхий газрын тосны импортын 40 орчим хувь, шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) импортын 60 орчим хувь, шингэрүүлсэн нефтийн хийн (LPG) импортын 90 орчим хувь нь Ормузын хоолойгоор дамжин Ойрх Дорнодоос ирдэг.
Зургаадугаар сарын сүүлээр газрын тосны үнэ тогтворжиж, нийлүүлэлт сайжирсан. Харин долоодугаар сарын дунд үеэс Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин сэргэж, газрын тосны үнэ өсөж, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүссэн. Энэ нь Энэтхэгийн газрын тосны импортын зардал дахин нэмэгдэх эрсдэл үүсээд байна.
Энэтхэг өдөр бүр хэрэглэдэг түүхий нефтийн 88%-ийг импортоор авдаг тул газрын тосны үнэ дахин өсвөл инфляц нэмэгдэх эрсдэлтэй.
Зургаадугаар сард Энэтхэгийн хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 4.38%-иар өссөнөөр Төв банкны зорилтот 4%-иас өндөр гарчээ.
Гэсэн ч Энэтхэгийн Төв банк 2026 онд бодлогын хүүгээ 5.25%-д хэвээр хадгалах төлөвтэй байна гэж эдийн засагчид үзэж байна. Учир нь инфляц цаашид өснө гэсэн хүлээлт одоогоор байхгүй байгаа бөгөөд төв банк уг нөхцөл байдлыг хэр удаан үргэлжлэхийг анхааралтай ажиглаж байна.
Эх сурвалж: OilPrice