
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” (MMC, Stock Code: 975) компани 2-р улирлын үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа.
Нүүрсний экспортын хэмжээ 55%-иар өсөв
Тайлант хугацаанд тус компанийн баяжуулсан коксжих нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55%-иар өсөж, 2.69 сая тоннд (2,688.1 мянган тонн) хүрсэн байна. Баяжуулсан коксжих нүүрсний үйлдвэрлэл 2.81 сая тоннд хүрч, жилийн өмнөхөөс 29%, өмнөх улирлаас 24%-иар тус тус өсжээ.
Боловсруулсан коксжих нүүрсний хэмжээ 4.51 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 25%-иар нэмэгдсэн байна.
Нийт 4.42 сая тонн баяжуулаагүй (ROM) нүүрс олборлосон нь өмнөх улирлаас 9%-иар буурсан ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29%-ийн өсөлттэй байна.
Алтны салбарын үйл ажиллагаа идэвхжиж байна
Баянхөндий алтны ордын үйл ажиллагаа идэвхжиж, санхүүгийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлж эхэлжээ. Тус улиралд 11,709 унц алт борлуулсан нь өмнөх улиралтай харьцуулахад 37%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Нийт 247.2 мянган тонн хүдэр олборлосон нь өмнөх улирлаасаа 60%-иар өссөн байна. Тайлант хугацаанд борлуулсан алтны жигнэсэн дундаж үнэ 4,493 ам.доллар/унц байв.