
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн явцтай танилцаж байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “ТЭС Петролиум” ХХК-ийн шатахууны агуулах барих төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сайд Г.Дамдинням, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2024-2028 оны хугацаанд шатахууны агуулах, савны нөөцийг нэмэгдүүлж, хүчин чадлаа өсгөх зорилт тавьсан. Энэхүү зорилт үе үеийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж байсан ч огт хэрэгжилгүй өдийг хүрсэн. Харин 30 жил яригдсан шатахууны нөөц агуулах барих энэхүү ажил өнөөдөр бодитоор хэрэгжээд явж байна.
“ТЭС Петролиум” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь агуулахын хэмжээ өмнө нь 4,400 метр кубийн хүчин чадалтай байсан бол 14,400 метр куб болж нэмэгдэж байгаа.
Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн нийт хэрэгцээний хүчин чадал 30%-иар өсөж байгаа гэсэн үг.
Ийнхүү Сэлэнгэ, Булган, Дархан Уул, Төв аймгийн шатахууны хэрэгцээг хангахад илүү нөөц хүчин чадалтай болж байна. Өмнө нь, Дархан Уул аймаг зөвхөн төвийн бүсийн хойд хэсгийг хариуцаж ажилладаг байсан бол Улаанбаатар хотод шатахууны дутагдал үүссэн үед нөхөх хүчин чадалтай болж байгаа юм.
Улсын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгжийн 22 шатахууны агуулах, сав барихаар ажиллаж байна. Стратегийн гол байрлал болох Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Баян-Өлгий зэрэг аймагт шатахуун агуулах савтай болж хүчин чадлаа нэмэгдүүлснээр шатахууны үнийн өсөлт, бууралт, түр хугацааны тасалдалтай холбоотой асуудлуудыг бүрэн шийдэх боломжтой болно” гэлээ.
