
О.Дөлгөөн
“TMK Energy” компани АНУ-ын нефть-хийн салбарт 25 жил ажилласан Стив Скиннерийг Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар (COO) томиллоо. Тэрбээр Өмнөговь аймаг дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн (CSG) төслийг туршилтын шатнаас олборлолт, арилжааны эргэлтэд оруулах ажлыг удирдана.
Өмнөговь аймагт байрлах “Гурвантэс XXXV” төсөл нь Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдал болон экспорт, хүлэмжийн хийг багасгах бодлогод стратегийн чухал ач холбогдолтойд тооцогдож буй.
Одоогоор нийт 8,400 км² тусгай зөвшөөрөлтэй талбайн ердөө 60 км² хэсэгт хийсэн хайгуулаар 1.2 триллион шоо фут (TCF) боломжит хийн нөөц баталгаажаад байна. Харин Өмнөговь сав газрын хэмжээнд цаашид 5.3 триллион шоо фут (TCF) хийн нөөц илрэх потенциалтай гэж тооцоолжээ.
БНХАУ-ын хилээс 20 км хүрэхгүй зайд оршдог нь дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч зах зээл рүү шууд экспортлох гарцыг бүрдүүлж байна.
6-р сарын байдлаар туршилтын 7 цооногийн хоногийн дундаж олборлолт 26,200 стандарт шоо футэд хүрсэн. Тухайлбал, "LF-07" цооногоос хоногт 30,000 шоо фут хүртэл хий ялгарч, дээд амжилт тогтоосон бөгөөд 7-р сард ч тогтвортой үргэлжилж байна.
Шинээр томилогдсон Стив Скиннерийн хувьд АНУ-ын нүүрсний давхаргын метан хийн олборлолтоор тэргүүлэгч Сан-Хуан сав газарт ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрбээр уламжлалт бус хийн төслүүдийг эхэн үеийн хайгуул, үнэлгээнээс нь эхлэн үйлдвэрлэлийн түвшинд хүргэж байсан туршлагатайгаас гадна тус компанид өөрийн санхүүгээр хөрөнгө оруулсан стратегийн хөрөнгө оруулагч юм.
Компанийн гүйцэтгэх захирал Дугал Фергюсон болон шинэ багийн удирдлага дор 2026 оны 8-р сараас эхлэн дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ:
Олборлолтын туршилтын шинэ 3 цооног өрөмдөх.
Одоогийн цооногуудын даралт бууруулах, ус шавхах болон урт хугацааны гарцыг нэмэгдүүлэх иж бүрэн техникийн шинэчлэл.
Дотоодын “Дашваанжил Групп”-тэй хамтран 1 МВт-ын хүчин чадалтай “Хийнээс цахилгаан үйлдвэрлэх” туршилтын төслийг ахиулах.
“TMK Energy” саяхан 6 сая ам.долларын нэмэлт хувьцааг амжилттай байршуулснаар нэгдүгээр улирлын байдлаар 6.3 сая ам.долларын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй, өр зээлгүй санхүүгийн тогтвортой шатанд байна.