Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монгол улсын шатахууны импорт зургадугаар сараас эхлэн буурах хандлагатай байна

Б.Төгс

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, манай улсын автобензиний импортын түвшин он гарсаар 7 дугаар сарын дунд үеийн байдлаар нийтдээ 522.7 мянган тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 21.4%-иар өсжээ. Дизель түлшний импортын тухайд мөн хугацаанд 1 сая 18 мянга орчим тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.3%-иар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

Гэвч импортын дүнг сараар задалж авч үзвэл зургадугаар сараас эхлэн татан авалт буурах шинжтэй болж ирсэн нь тодорхой байна. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээс үзэхэд өнгөрсөн зургадугаар сард манай улс 57.87 мянган тонн АИ92 шатахуун импортолсон (үүнд Евро-5 ангилал багтсан) нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 орчим хувиар буюу 11 орчим мянган тонноор бууралттай гарсан байна. Үргэлжлэн долдугаар сарын эхний 15 хоногийн байдлаар автобензиний импорт 17.5 мянга орчим тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43 орчим хувиар буурсан нь Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харагдаж байна.

Дизель түлшний импортын тухайд бууралттай бус харин өсөлттэй байна. Тухайлбал өнгөрсөн зургадугаар сард манай улс 136.4 мянган тонн түлш импортолсон нь (үүнд Евро-5 ангилал багтсан) өмнөх оны мөн үеийнхээс 9.1%-иар нэмэгдсэн байна. Харин долдугаар сарын эхний 15 хоногт 61 мянган тонн түлш татан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.02%-иар багасчээ.

Эх сурвалж: АМГТГ, ҮСХ