
Б.Төгс
Оюу толгой компани 2026 оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгүүдээ тайлагналаа. Тайланд дурдсанаар, Оюу толгой компани энэ оны эхний хагаст нийт 871.87 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн байна. Тус компани энэ оны 2 дугаар улиралд нийт 406.57 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үед уг үзүүлэлт 381.56 мянган тонн байсантай харьцуулахад 6.55%-иар өссөн байна. Гэхдээ баяжмал үйлдвэрлэл энэ оны эхний улиралд 465.3 мянган тонн байсантай харьцуулахад 12.6%-иар буурчээ.
Үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ энэ оны эхний улиралд 101.6 мянган тонн, 2 дугаар улиралд 96.9 мянган тоннд хүрсэн нь зорилтот түвшин болох 91 мянган тонноос давсан байна. Энэ оны 2 дугаар улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 11.6% нэмэгджээ. Баяжмал дахь алтны тухайд мөн л зорилтот түвшин болох 97 мянган унцаас давсан бөгөөд алтны хэмжээ эхний улиралд 123.1 мянган унц, 2 дугаар улиралд 127.3 мянган унцаар тэмдэглэгдэв. Өөрөөр хэлбэл 2 дугаар улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 30.5%, энэ оны эхний улирлынхаас 3.4%-иар тус тус өсжээ. Үйлдвэрлэсэн баяжмал дахь мөнгөний хэмжээ оны эхний улиралд 615.89 мянган унц, 2 дугаар улиралд 593.82 мянган унц болжээ.
Оюу толгойн үйл ажиллагааны хүрээнд 2026 оны 2 дугаар улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин хэлбэрээр 2.2 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ.
Тус улиралд нийт 696 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 519 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 85%-ийг буюу 1.3 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. Мөн 2 дугаар улиралд татвар, хураамж, бусад төлбөрт 834 тэрбум төгрөгийг улсад төлжээ.
Гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, ил уурхай өндөр агуулгатай хүдрийн бүсүүдэд нэвтэрснээр зэс, алтны үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй байна. Үүний үр дүнд 2026 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн гүйцэтгэл өндөр байж, оны үлдсэн хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэхээр байгааг компани тайландаа өгүүлжээ.
Панель 0-ийн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрсэн нь гүний уурхайн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх төлөвлөгөөний чухал алхам болсон байна. Үүний зэрэгцээ Панель 2 Хойд (P2N)-ын бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж байгаа нь олборлолтын хэмжээ цаашид тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлж байгаа ажээ.
Оюу толгой компани энэ оны хагасын байдлаар нийт 937.5 мянган тонн баяжмал борлуулаад буй бөгөөд экспортолсон баяжмалд 203.84 мянган тонн зэс, 265.12 мянган унц алт, 1.18 сая унц мөнгө агуулагдав. Харин оны 2 дугаар улиралд нийт 437.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Үүнд 98.75 мянган тонн зэс, 127.66 мянган унц алт, 568.11 мянган унц мөнгө агуулагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 14.3%, алт 37.5%, мөнгө 10.5%-иар тус тус нэмэгджээ. Гэхдээ оны эхний улиралд Оюу толгой компани 500 орчим мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн бөгөөд баяжмалд 105.09 мянган тонн зэс, 137.47 мянган унц алт, 613.67 мянган унц мөнгө агуулагдаж байв. Компанийн 2 дугаар улиралд борлуулсан баяжмал дахь металууд эхний улирлынхтай харьцуулахад зэс 6%, алт 7.1%, мөнгө 7.4%-иар тус тус буурчээ.