
Т.Бямбанаран
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсын үйлдвэрлэлийн хэмжээ 2026 оны хоёрдугаар улиралд 2007 оноос хойших хамгийн сул үзүүлэлтэй гарчээ. Хуучин уурхайнууддаа олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа ч зэсийн олборлолтыг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй хэвээр байгаа аж.
Баасан гарагт /2026.07.31/ Чилийн Үндэсний статистикийн газраас нийтэлсэн сарын мэдээлэлд үндэслэн тооцоолсноор, тус улсын зэсийн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 7.7%-иар буурч, 1.27 сая тонн болжээ. Энэ нь сүүлийн 19 жилийн хамгийн доод түвшин болоод байгаа юм.
Дэлхий нийтээр олборлож буй зэсийн ойролцоогоор дөрөвний нэгийг дангаараа нийлүүлдэг Чили улс салбарынхаа өсөлтийг дахин эрчимжүүлэхээр ажиллаж байгаа ч хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсаар байна. Хүдэр дэх металлын агуулга буурч, олборлолтын үйл ажиллагаа улам төвөгтэй болж буй энэ цаг үед төрийн өмчит “Codelco” болон BHP групп зэрэг томоохон компаниуд үйлдвэрлэлийн хэмжээгээ хадгалах, эсвэл нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байна.
Хоёрдугаар улирлын үйлдвэрлэл эхний улирлаас 3.6%-иар өссөн ч энэ нь Чилийн уул уурхайн салбарт улирлын шинжтэй хэвийн сэргэлтэд тооцогддог.
Тус улсад үүсээд буй хүндрэл нь дэлхийн зэсийн салбарын нийтлэг асуудлын ерөнхий дүр зураг болж буй юм. Олон уурхайд шинэ төсөл хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэж байгаа нь хиймэл оюун ухаан болон эрчим хүчний дэд бүтцийн өсөлтөөс бий болох зэсийн эрэлтийг улам дэвэргэж байна. Улмаар тус металлын нийлүүлэлт нь зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Үүний улмаас зэсийн үнэ түүхэн дээд түвшинд ойртож байна.
Эх сурвалж: mining.com