
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн оны тав, зургадугаар сарын байдлаар газрын тосны үйлдвэрийн ажил ерөнхийдөө зогсонги байдалд орж, түүхий эдийн эх үүсвэр тодорхойгүй байсныг сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимжүүлсэн болохыг тэрбээр онцлов.
Одоогоор үйлдвэрийн нөөцийн болон хадгалах савнууд, суурийн ажлууд, иргэний барилга байгууламжууд бүрэн дуусжээ. Мөн усан сангийн барилга төгсгөлийн шатандаа орж, аюулгүй байдлын болон нэрлэгийн том хэмжээний тоног төхөөрөмжүүд ирж байгаа юм байна.
Түүхий эдийн маргааныг шийдвэрлэв
Үйлдвэрийг түүхий эдээр хангах гол эх үүсвэр болох "Петрочайна дачин Тамсаг" ХХК-ийн 30 жил үргэлжилсэн татварын маргааныг Засгийн газраас тусгайлсан хууль баталж шийдвэрлэжээ. Маргаан эцэслэснээр тус компани үйлдвэрийг түүхий эдээр хангах эрэл хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх амлалт авсан байна.
Сайд Г.Дамдинням: "Бид газрын тосны үйлдвэрээ барьж дуусгах, түүхий эдээ дотоодоосоо бүрэн олборлож хангах, мөн нөөцийн савтай болох гэсэн стратегийн гурван зангилаа ажлыг зоригтой хийж байна. Энэ хүрээнд газрын тосны нөөцийг өсгөх зорилгоор 16 хайгуулын талбайг олон улсад нээлттэй зарлаад байна" гэв.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдгээр бодлогын ажлын үр дүнд Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.