Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

КАНАД 2035 ОН ГЭХЭД УРАНЫ ЭКСПОРТОО ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Ч.Сансар

Канадын Засгийн газраас 2035 он гэхэд ураны экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтыг биелүүлэхэд шаардлагатай нөөц болон төлөвлөсөн төслүүд тус улсад бий. Гэхдээ амжилтад хүрэх эсэх нь эдгээр төлөвлөсөн ажлуудаа бодитоор хэрэгжүүлж чадахаас шалтгаална гэж Marsh Canada компанийн уул уурхайн эрсдэлийн шинжээч үзэж байна.

Канад улс ураны үйлдвэрлэлээр Казахстаны дараа дэлхийд хоёрдугаарт ордог. Тус улсын ураныг зөвхөн Саскачеван мужийн хойд хэсэгт орших, ураны агууламж өндөртэй McArthur River болон Cigar Lake уурхайгаас олборлодог. Одоогоор Саскачеван нь Канадын уран олборлож буй цорын ганц муж бөгөөд эдгээр хоёр уурхайг Cameco компани ажиллуулдаг. Харин Orano Canada компанийн ажиллуулдаг McClean Lake үйлдвэр Cigar Lake уурхайгаас олборлосон хүдрийг боловсруулдаг.

Канад улс шар нунтаг болон ураны давхар исэл үйлдвэрлэдэг. Харин тус улсын өндөр технологи бүхий CANDU реакторууд баяжуулаагүй байгалийн уран ашигладаг тул Канад дотооддоо уран баяжуулах үйлдвэргүй.

Marsh компанийн уул уурхай, байгалийн нөөцийн асуудал хариуцсан захирал Рауль Муньосын хэлснээр, Канадын хувьд ураны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь гол асуудал биш. Харин төслүүд зохих зөвшөөрөл, санхүүжилтийн асуудлуудаа хурдан шийдэж, төрөөс бодлогоор дэмжиж чадах эсэх нь гол сорилт болоод байгаа юм гэжээ.

Канадын Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард ураны салбарыг хөгжүүлэх үндэсний стратегиа танилцуулсан. Уг стратегийн хүрээнд 2035 он гэхэд ураны экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, уугуул иргэдийн оролцоог дэмжих, Канад улсыг цөмийн түлшний найдвартай нийлүүлэгч болгох зорилтуудыг тавьжээ.

Канад улсад ураны нөөц боломж хангалттай байгаа ч төлөвлөсөн стратегиа бодитоор хэрэгжүүлэх нь хамгийн их эрсдэлтэй тулгарна гэж Муньос үзэж байна.

"Төрөөс шаардлагатай зөвшөөрөл болон дэмжлэг олгохоос гадна цаашид хөрөнгө оруулахад ашигтай байх хэмжээнд ураны үнийг тогтвортой байлгах нь чухал. Геополитикийн асуудлууд мөн чухал нөлөө үзүүлнэ. Ялангуяа Европ болон АНУ дахь худалдан авагчидтай харилцах харилцаанд анхаарах шаардлагатай. Уул уурхайн салбарын бүхий л үйл ажиллагаа геополитиктой салшгүй холбоотой” гэж Муньос хэллээ.

Канадын CANDU реакторууд одоогоор баяжуулах шаардлагагүй байгалийн уран хэрэглэдэг. Харин олон төрлийн жижиг модуль реакторууд баяжуулсан уран ашигладаг. Ийнхүү ураныг боловсруулах шаардлага үүсэж байгаа боловч Канад одоогоор дотооддоо уран баяжуулах үйлдвэргүй.

Хэдийгээр иймэрхүү хүндрэл байгаа ч Муньос Канадын цөмийн технологид итгэлтэй байгаагаа илэрхийлж, жижиг модуль реакторын технологитой холбоотой эрсдэл бага гэж үзэж байна. Тэрээр “Жижиг модуль реакторт технологитой холбоотой асуудлууд гарахгүй байх. Харин ч Канад энэ чиглэлээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлнэ” гэжээ.

Мөн Муньос Канадын үндэсний стратеги нь зөвхөн ураны олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглээгүй гэжээ.

 “Энэ бол маш өргөн хүрээтэй стратеги. Үүнд инновац, уугуул иргэдийн эрх, өмчлөлийн асуудал, байгаль орчин, нийгэм, засаглал (ESG) болон тогтвортой хөгжлийн бүхий л асуудлууд багтана. Цөмийн түлшний эрэлт урт хугацаанд өсөх тул өмнө нь хаагдсан ураны төслүүдийг дахин хэрэгжүүлбэл эдийн засгийн хувьд ашигтай болно.” гэж тэрээр онцолжээ.

Эх сурвалж: mining.com