
Б.Төгс
Дэлхийн аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш Лондоны металын бирж (LME) дээр тонн тутамдаа 14,000 ам.доллар давж, сүүлийн хоёр сарын дээд түвшинд очлоо. Уг өсөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампын зүгээс танилцуулж болзошгүй зэсийн импортын татвараас урьтаад нөөц бүрдүүлэх үүднээс тус улс дахь түүхий эдийн худалдаачид зэсийн нөөцийн зузаатгал хийж буйтай голлон холбоотой байна.
IHS Markit-ийн мэдээлснээр, долдугаар сард АНУ-ын боомтууд дахь зэсийн татан авалт 200,000 гаруй тоннд хүрсэн нь 2014 оноос хойших дээд үзүүлэлт болжээ. Ингэснээр дэлхийн бусад бүс нутгийн худалдан авагчдад зэсийн олдоц багасчээ.
Олон улсын хэвлэлүүдээр Лондоны металын биржийн зэсийн агуулах нөөц сүүлийн таван сарын доод түвшинд хүртэл буурсныг тэмдэглэжээ. Түүнчлэн урд хөршид зэсийн баяжмал болон хаягдал зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай байгаа нь цэвэр зэсийн импортыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Мөн Шанхайн биржийн зэсийн агуулах нөөц сүүлийн хоёр жил хагасын хугацаан дахь доод түвшинд хүрчээ.
Зэсийн ханш ийнхүү нийлүүлэлтийн олдоц хумигдахын хэрээр улам бүр өсөх төлөвтэй байна. Урт хугацаандаа зэсийн ханш цахилгаанжуулалт, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхтэй холбоотой эрэлтийн нөлөөгөөр улам бүр өсөхөөр байгааг шинжээчид тайлбарлаж байна.