
Б.Төгс
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 7 сарын байдлаар 19.36 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.13 тэрбум ам.доллар буюу 36.1%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 12.2 тэрбум ам.доллартой тэнцэж 57.5%-иар, импортын дүн 7.16 тэрбум ам.долларт хүрч, 10.5%-иар тус тус нэмэгджээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 5.05 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Улсын нийт экспортын 44.7%-ийг зэсийн баяжмал, 38.7%-ийг нүүрс, алт 3.9%, төмрийн хүдэр 3%-ийг тус тус бүрдүүлсэн байна.
Он гарсаар эхний 7 сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт эрдсийн экспортыг тэргүүлсэн хэвээр байна. Тодруулбал тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.53 сая тоннд хүрч, үнийн дүнгээр 5.46 тэрбум ам.доллартой тэнцээд байна. Ингэснээр жингийн хувьд өмнөх оны мөн үеийнхээс 23%, орлогын тухайд 89.7%-иар тус тус дээшилжээ.
Нүүрсний экспорт энэ оны 7 дугаар сарын эцсийн байдлаар 68.3 сая тоннд хүрч, 4.72 тэрбум ам.долларын орлого олоод байна. Ингэснээр нүүрсний экспорт жингийн хувьд өмнөх оны мөн үеийнхээс 53.9%, орлогоор 56.4%-иар тус тус өсжээ.
Алтны экспортын тухайд оны эхний 7 сарын байдлаар 3.1 орчим тонн буюу 482.1 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээгээр огцом бууралттай байгаа ч орлогын дүнгээр ялимгүй өсөлттэй байна. Гэхдээ төв банкны үнэт метал худалдан авалт оны эхний 7 сарын байдлаар 8.9 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 26.1%-иар өссөн үзүүлэлт юм.
Төмрийн хүдрийн экспорт тайлант хугацаанд 5.16 сая тоннд хүрч, 364.7 сая ам.долларын орлого олсон нь жингийн хувьд 10.3%, үнийн дүнгээр 9.7%-иар тус тус нэмэгджээ.
Жоншны экспортын тухайд оны эхний 7 сарын байдлаар 1 сая тонн давсан бөгөөд орлогын хувьд 180.3 сая ам.долларт хүрлээ. Жоншны экспорт жингээр 9.7%, үнийн дүнгээр 3.6%-иар тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа.
Газрын тосны экспорт эхний 7 сарын байдлаар 1.95 сая баррельд хүрч, орлогын дүн нь 156.4 сая ам.доллароор илэрхийлэгдлээ. Энэ нь газрын тосны экспортын орлого он гарсаар эхний 7 сарын байдлаар ялимгүй бууралттай байгааг илтгэж байна.
Бусад эрдсийн тухайд катодын зэс болон молибденийн баяжмалын экспорт жин болон орлогын дүнгээр огцом бууралттай байгаа бол хар тугалгын хүдэр баяжмал, гянтболдын хүдэр, баяжмалын экспорт огцом өсөлттэйгөөр тэмдэглэгдлээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
