
Б.Төгс
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Засгийн газар зэсийн баяжмал болон кобальтын баяжмалын экспортод хориг тавьж буйгаа өнгөрсөн пүрэв гаригт албан ёсоор (2026.08.06) зарласан байна. Энэ нь тус улсын дотооддоо түүхий эдийг нэмүү өртөг шингээн боловсруулах, улмаар байгалийн нөөц баялгаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс гаргаж буй шийдвэр ажээ. Зэс болон кобальтын баяжмал экспортлохыг хориглох тухай захирамжад өнгөрсөн 6 дугаар сарын 29-нд тус улсын Уул уурхайн сайд Louis Kabamba Watum, Гадаад худалдааны сайд Julien Paluku Kahongya, Эдийн засгийн сайд Daniel Mukoko Samba нар гарын үсэг зурсан байна.
Ингэснээр аль хэдийнэ нийлүүлэлт нь хумигдаад буй зэсийн зах зээлд нэмэлт дарамт авчрах дохио болж байна. Тус улсын хувьд зэсийн томоохон олборлогч нар үйл ажиллагаагаа явуулдгийн дотор Glencore, Ivanhoe Mines, Zijin Mining болон бусад компани багтаж байна. Гэхдээ баяжмал экспортлогчдын хувьд тус хориг хэдийгээр шууд хэрэгжих нөхцөлтэй боловч стратегийн тодорхой нөхцөлд нэг жилийн хугацаанд хоригт орохгүй байх хөнгөлөлт эдлэх боломжтой ажээ.
Тус улсын хувьд дэлхийд кобальт экспортоор хамгийн томд ордог бол зэсийн нийлүүлэлтээр Перу улсын урдуур орох болж эдүгээ Чилийн араас хоёрдугаарт бичигддэг болоод байгаа юм. Тус улсад Kamoa-Kakula, Tenke Fungurume зэрэг зэсийн томоохон уурхай үйл ажиллагаа явуулж буй нь том тоглогчийн байр сууринд аваачих болсон.
Түүнчлэн тус улсын Засгийн газар ашигт малтмал боловсруулалтын явцад гарах дайвар бүтээгдэхүүний татварын шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр болсон байна. Ингэхдээ тухайн метал боловсруулалтын явцад гарсан дайвар бүтээгдэхүүнийг зах зээлийн үнийнх нь 55%-иар бодож татвар ногдуулахаар болжээ. Шинэ татварын тогтолцоог дагаж мөрдөхөд компаниудад зориулж гурван сарын хугацаа гаргаж өгөхөөр тогтжээ.
Уг мэдээлэл цацагдсанаар Лондон, Нью-Йоркийн түүхий эдийн биржүүдэд зэсийн ханш улам бүр өсөх хандлагатай болж ирж байна.