Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ОУВС Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөх эрсдэлтэйг анхаарууллаа

О.Дөлгөөн

Олон Улсын Валютын Сангийн Гүйцэтгэх зөвлөл Монгол Улстай хийсэн 2026 оны IV зүйлийн зөвлөлдөх хэлэлцүүлгээ өндөрлүүлж, Ажлын хэсгийн дүгнэлтийг баталлаа. Дүгнэлтэд Монгол Улсын макро эдийн засаг гадаад, дотоод шокуудыг сөрөн зогсох чадвартай байгааг тэмдэглэсэн ч цаашид инфляцын дарамт нэмэгдэж, төсвийн эмзэг байдал үүсэх эрсдэлтэйг онцолсон байна.

Нүүрсний үнэ буурсан хэдий ч 2025 онд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт болон зэсийн экспорт нэмэгдсэний дүнд макро эдийн засгийн үзүүлэлт хүлээж байснаас сайн гарч, урсгал дансны алдагдал буурчээ. 

Энэхүү эерэг нөлөө 2026 оны эхний саруудад үргэлжилж, 4 дүгээр сарын байдлаар эдийн засгийн өсөлт 7.8 хувьд хүрсэн ч цаашид суурь үеийн нөлөө арилахтай холбоотойгоор өсөлтийн эрч саарах төлөвтэй байна. Нөгөө талдаа мах болон эрчим хүчний үнэ нэмэгдсэний улмаас инфляц энэ оны 6 дугаар сарын байдлаар 12 хувьд хүрсэн бөгөөд оны эцэст 10 орчим хувьтай өндөр хэвээр байх тооцоолол гарчээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОУВС-гаас Төсвийн тодотголыг УИХ-д шуурхай өргөн барих, саяхан батлагдсан татварын багцыг дахин авч үзэх, мөн төсвийн тусгай шаардлагуудыг чанд мөрдөхийг зөвлөв.

Мөн инфляцыг бууруулах чиглэлд чанга мөнгөний бодлогыг үргэлжлүүлэх, Монголбанкны хараат бус байдлыг бэхжүүлэх, гадаад валютын албан нөөцийг зузаатгах шаардлагатай гэж үзжээ. Иргэдийн өрийн дарамтыг бууруулахын тулд тэтгэврийн зээлийг Өр, орлогын харьцааны хүрээнд оруулах, түүнчлэн Бизнесийн орчныг сайжруулахтай холбоотой зарим хуулиудыг нэн даруй эцэслэн батлах хэрэгтэйг дүгнэлтэд дурджээ.