
О.Дөлгөөн
Ирэх жилүүдэд Улсын төсөвт 4.1 их наяд төгрөгийн АМНАТ-ийн орлого төвлөрүүлж, 5.7 их наядын хөрөнгө оруулaлт татах боломжтой зэсийн 20 төсөл тодорхойгүй хугацаагаар хүлээлтийн горимд шилжлээ.
Эдгээр төслүүд хөдлөх гол хөшүүрэг нь олон жил яригдсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд тусгагдсан татварын ачааллыг бууруулан олон улсын жишигт нийцүүлэх зэсийн АМНАТ-тэй холбоотой өөрчлөлт байв. Гэвч УИХ-аас зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) бууруулах өөрчлөлтийг 3 жилээр хойшлуулж, 2029 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэжээ. Учир нь Оюутолгойн ордод тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Онтрэ” компанитай шинээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүртэл зэсийн АМНАТ-д өөрчлөлт оруулахгүй байх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзсэнтэй холбоотой аж.
Олон улсад зэсийн өрсөлдөөн чангарч буй энэ үед Монгол Улс одоогийн татварын системээ ийнхүү 3 жилээр хадгалж үлдэх нь ямар үр дагавар авчрах вэ.
Зэсийн ашиглалтад орохоор хүлээгдэж буй төслүүд

ИХ НАЯДЫН АМНАТ ЦАРЦАВ
5.2 сая тонн геологийн нөөцтэй зэсийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 6,986 бодит ажлын байр шинээр бий болгон улмаар 5.76 их наяд төгрөгийн шууд хөрөнгө оруулалт татах эдийн засгийн асар том өгөөжтэй дээрх төслүүд Улсын төсөвт 4.14 их наяд төгрөгийн АМНАТ-ийн орлого төвлөрүүлэх байв.
Нийт 20 төслийн геологийн нөөцийн дийлэнх буюу 87.4% (4.54 сая тонн) нь 2028 онд ашиглалтад орохоор бэлтгэлээ хангаж, 5.06 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байв. Үүнд, Цагаансуварга (1.61 сая тн), Оюут-Улаан (512.2 мян.тн), Ньюсаймин Рисорсэс (336.9 мян.тн), Оюут толгой (54.7 мян.тн) зэрэг үндэсний болон гадаадын томоохон хөрөнгө оруулалттай төслүүд багтаж байна.
Зөвхөн 2028 онд ашиглалтад орох төслүүдээс гэхэд л 3.6 их наяд төгрөгийн АМНАТ-ийн орлого, 3,353 ажлын байр бий болно хэмээн тооцоолжээ. Цаашлаад 2030 онд ашиглалтад орохоор хүлээгдэж байсан Маркополо, Галаксимайнинг, Агммайнинг зэрэг компаниудын 7 төсөл, 2032 онд хэрэгжих 6 төслийн ирээдүй ийнхүү бүрхэг хэвээр үлдэв.
ТАТВАРЫН УЯН ХАТАН СИСТЕМ
Эдийн засгийн “Лафферын муруй”-н зарчмаар татварын дарамтыг олон улсын жишигт нийцүүлэн уян хатан болгосноор төслүүд санхүүжилтийн гацаанаас гарч, ойрын 10 жилд Монголын зэсийн үйлдвэрлэл 32%-иар өснө хэмээн салбарын яамнаас тооцоолжээ.
“Лафферын муруй”-н логик нь маш энгийн. Татварын хувийг нэмэх тусам төсвийн орлого дагаад өсдөггүй, харин ч эсрэгээрээ бизнесийг тушиж, далд эдийн засгийг тэлдэг. Татвар хэт өндөр байвал хөрөнгө оруулалт царцаж, үйлдвэрлэл хумигдана. Харин татварын ачааллыг оновчтой бууруулж, уян хатан болгосноор бизнесийн орчин сайжирч, эцэст нь татварын хувь багассан ч улсын төсөвт орох бодит орлого өсдөг зарчим билээ.
Одоогийн хэрэгжиж байгаа хууль хэвээр үлдвэл 2026 онд 2.15 сая тонн байсан зэсийн баяжмал 2035 он гэхэд 2.01 сая тонн болж багасна. Нөгөө талд, хуульд өөрчлөлт орсноор үйлдвэрлэл 2029 онд түүхэн дээд цэг буюу 3.32 сая тоннд хүрэх байв.
Татварын шатлалыг уян хатан болгосноор төсөвт орох бодит өгөөж хэрхэн нэмэгдэхийг тоон утгаар харьцуулбал:
Хуулийн төслийн өөрчлөлтөөр зэсийн АМНАТ-өөс олох орлогын төсөөлөл

Зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг бууруулснаар 2028 оноос 6, 2030 оноос 7, 2032 оноос 6 төсөл шинээр ашиглалтад орохоор тооцсон. Ойрын 10 жилд зэсийн үйлдвэрлэл 32 хүртэл хувиар өсөхөөр байна.
Мөн АМНАТ-ийн орлого 2035 онд 1.62 их наяд төгрөг болж буурахаар байна. Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр татварын хувь хэмжээ буурсан ч үйлдвэрлэлийн биет хэмжээ огцом өссөнөөр 2029 онд АМНАТ-ийн орлого 2.25 их наяд төгрөгт (одоогийнхоос даруй 600 тэрбумаар илүү) хүрч, 2035 оноос хойш 1.83 их наяд төгрөгийн түвшинд тогтвортой хадгалагдах боломжтой байв.
ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨНД СУГАРЧ ҮЛДЭВ
Өнөөдөр дэлхийн зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Австрали, Бразил, Индонези зэрэг улсууд АМНАТ-ийн суурь хувиа 2-5%-ийн хооронд тогтвортой барьж байна.
Зэсийн зах зээлийг тодорхойлогч Чили улс гэхэд 2024 оноос АМНАТ-ийн системдээ томоохон өөрчлөлт оруулжээ. Жилд 50 мянган тонноос дээш зэс үйлдвэрлэдэг компаниудаас борлуулалтын орлогын 1%-ийн АМНАТ авах ба хэрэв тухайн жил тус компани ашиггүй, алдагдалтай ажилласан тохиолдолд энэхүү 1%-ийн татвараас чөлөөлдөг. Цаана нь үйл ажиллагааны бодит ашгаас нь хамааруулж 8-26%-ийн өсөн нэмэгдэх шатлалаар татвар авдаг уян хатан систем рүү шилжжээ.
Бүр цаашлаад, Чилийн Засгийн газар хөрөнгө оруулагчдад ирэх татварын ачааллыг бууруулахын тулд Орлогын албан татвар, Суутган татвар болон АМНАТ-ийн нийлбэр дүнг тухайн компанийн татварын өмнөх ашгийн 46.5%-иас хэтрүүлэхгүй байх хязгаар тогтоож өгчээ. Үр дүнд нь Чили улс жилд 1.35 тэрбум ам.долларын нэмэлт татвар төвлөрүүлж, үүнийхээ 450 сая ам.долларыг уул уурхайн бус нутаг болон орон нутгийн хөгжлийн сан, дэд бүтцэд шууд хуваарилж байна.
Гэтэл манай улс суурь 5% дээрээ зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарсан өсөн нэмэгдэх АМНАТ үйлчилж, татварын дарамт 35% хүртэл өсдөг. Энэ бол олон улсын хөрөнгө оруулагчдад өрсөлдөгч орнуудаас даруй 3-аас 6 дахин өндөр татвар тулгаж байна гэсэн үг юм.
Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд зэсийн зах зээлийн үнэ 9,000 ам.доллар давсан үед түүхий эд, хүдэр экспортолоход ногдуулах өсөн нэмэгдэх АМНАТ-ийг 30%-иас 15% болгон бууруулах, улмаар баяжмал үйлдвэрлэвэл 15% байсныг 5%, эцсийн бүтээгдэхүүн гаргавал 2.5% болгон багасгах зарчим тусгагдаж байв. Өөрөөр хэлбэл, түүхийгээр нь зарахыг татвараар шахаж, дотооддоо баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэрлэгчдэд АМНАТ-ийн хөнгөлөлт үзүүлэх тодорхой бодит хөшүүрэг байсан юм.
Гэвч дээрх өөрчлөлт энэ хаврын парламентын босгон дээр бүдэрснээр бид түүхий эд экспортлогч хэвээр үлдэж, өрсөлдөгч орнуудаасаа хэд дахин өндөр татвараар хөрөнгө оруулалтыг үргээсэн хатуу системээ 2029 он хүртэл авч үлдэх нь тодорхой боллоо.