
Т.Бямбанаран
Блокчлон болон дэд түвшний нураан олборлох (Block and Sublevel Caving) технологи, судалгааны чиглэлээрх “Caving 2026” олон улсын бага хурал наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус хурлыг Баруун Австралийн их сургуулийн дэргэдэх, уул уурхайн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага болох “Australian Centre for Geomechanics” (ACG) зохион байгуулж байгаа бөгөөд Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) хамтран ажиллаж байна.
Блокчлон болон дэд түвшний нураан олборлох арга нь их хэмжээний хүдрийг харьцангуй бага зардлаар олборлох боломжтой далд уурхайн аргачлалын нэг гэдгээрээ онцлог. Энэхүү аргыг томоохон гүний уурхайн ашиглалтад өргөнөөр хэрэглэдэг. Нураан олборлох чиглэлээр зохион байгуулагддаг олон улсын хурлууд нь уул уурхайн компаниуд, судлаач, инженерүүдэд технологийн сүүлийн үеийн хөгжил, үйлдвэрлэлийн туршлага болон академик судалгааны үр дүнг хэлэлцэх боломж олгодог.
“Caving 2026” хурлаар нураан олборлох аргын зураг төсөл, геотехник, үйлдвэрлэлийн төлөвлөлт, автоматжуулалт, олборлолтын үеийн хүндрэлүүд, газар хөдлөлтийн мониторинг зэрэг өргөн хүрээний сэдвийг хамрах хэлэлцүүлгүүд өрнөж байна. Тухайлбал, олборлолтын түвшний геометрийн зураг төсөл, тархалтын тоон загварчлал, уурхайн малталт, үйлдвэрлэлийн симуляци, хүдрийн холилдолт ба шингэрэлт (mixing and dilution), чулуулгийн шинж чанар зэрэг сэдвүүд багтжээ.
Хурлын өмнө буюу наймдугаар сарын 10-нд “Principal Hazard Management in Caving Mines” сэдэвт сургалт зохион байгуулсан бол үндсэн гурван өдрийн хурлын дараа энэ сарын 14-нд хэд хэдэн төрөлжсөн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн “Caving 2026” хурлын хүрээнд Оюу толгойн гүний уурхайн талбайтай танилцах аялал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Монгол Улсад зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь нураан олборлох технологийн чиглэлээр ажиллаж буй олон улсын мэргэжилтнүүдийг Монголын уул уурхайн салбарын төлөөлөлтэй холбох, практик туршлага болон судалгааны үр дүнг солилцох боломж бүрдүүлж байна.
