
О.Дөлгөөн
Дэлхийн хамгийн том уул уурхайн 50 компанийн нийт зах зээлийн үнэлгээ өнгөрсөн 7 дугаар сарын байдлаар 2.17 триллион ам.долларт хүрч, өмнөх сараасаа 18 тэрбумаар, оны эхнээс 26 тэрбум ам.доллароор тус тус өссөнийг MINING.COM сайтын судалгаа харууллаа.
Долоодугаар сарын ерөнхий өсөлт ерөнхийдөө 0.8 хувьтай гарсан ч компаниудын үнэлгээний хэлбэлзэл асар өндөр байв. Энэ оны гуравдугаар сард алт, зэсийн үнэ дээд цэгтээ хүрэхэд Top 50 компанийн үнэлгээ 2.33 триллион ам.доллар байсан бол зургаадугаар сарын эцэст алтны ханш суларснаар 2.15 триллион ам.доллар болж буурч байжээ.
Хятадын Zijin өсөлтөөр манлайлж, Оросын Polyus унав
Долоодугаар сарын хамгийн өндөр өсөлтийг Хятадын Zijin Mining үзүүллээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ сарын дотор 23.8 хувиар буюу 24 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 125 тэрбум ам.долларт хүрснээр АНУ-ын Newmont-ийг гүйцэж, дэлхийд 4-р байрт бичигдэв.
Үүнд тэдний нэгдүгээр хагас жилийн цэвэр ашиг 68 хувиар өссөнөөс гадна литийн олборлолт нь 6 дахин нэмэгдэж 43,000 тоннд хүрсэн нь голлон нөлөөлжээ.Эсрэгээрээ, Оросын алт олборлогч Polyus компани ногдол ашиг хуваарилалтыг 2030 он хүртэл зогсоох шийдвэр гаргаснаар хувьцаа нь нэг өдрийн дотор 26 хувиар унаж, сарын хугацаанд 13.2 тэрбум ам.долларын үнэлгээгээ алдан 28-р байр руу ухарсан байна.
Үнэмлэхүй тэргүүлэгч BHP компани 2026 он гарсаар үнэлгээгээ 62 тэрбум ам.доллароор (41%) нэмэгдүүлж, 216 тэрбум ам.долларт хүржээ.Өнөөгийн байдлаар BHP болон 2-р байрт жагсаж буй Rio Tinto компанийн хоорондох үнэлгээний зөрүү 50 тэрбум ам.долларт хүрсэн нь тус жагсаалтын түүхэн дэх хамгийн дээд рекорд болоод байна. 2024 онд энэ зөрүү ердөө 15 тэрбум ам.доллар байсан юм.